1045
 
 

52 ШИНЭ ТУРШИЛТ, 52 САЙЖРАЛТ

“Бид цаг хэмнэж байж өөрсдийнхөө хүссэн амьдралыг бий болгодоггүй. Бид эхлээд хүссэн амьдралаа бүтээж байж, дараа нь өөрөө цаг хэмнэгдэж эхэлдэг.” гэж “A Year To Remember” номын өмнөх үгт өгүүлжээ. Гүмүда концепт дэлгүүрийн үүсгэн байгуулагч, сэтгүүлч Н.Хулан олон жилийн турш “Гүмүда” нэртэй блог хөтөлж ирсэн. Тэрбээр анх блогийн бичвэрээсээ ном бичих санаа өвөртөлсөн байна. Тухайлбал 52 долоо хоногийн турш 7 хоног бүр өөртөө зуршил бий болгож, шинэ зүйл туршсан тэмдэглэл, түүний үр дүн болон дүгнэлтүүдээ ном болгон эмхтгэжээ.
Medium дээрх Origin of Gumuda – блогийн хөтлөгч, Гүмүда дэлгүүрийн үүсгэн байгуулагч Н.Хулан: “Эхлээд ном бичье гэж бодоогүй ч залуу насны дурсамжаа хадгалах, бусдад хэрэг болох үүднээс нь номоо хэвлэсэн. Хүмүүс бид урт удаан, аз жаргалтай сайхан амьдрахыг хүсдэг. Бидэнд байгаа хамгийн чухал, үнэ цэнэтэй зүйл бол цаг хугацаа. Гэтэл цаг хугацаа нэг л мэдэхэд урсан өнгөрсөн байдаг. Яг л нэг мэдэхэд зун дуусаж, нэг л мэдэхэд өсвөр насны жаахан охин байснаа эмэгтэй хүн болдог шиг. Тэр цаг хугацааг барьж авах оролдлогын маань үр дүн бол “A year to remember” ном юм. Эргэн дурсахад дурсамжтай жил байгаасай гэсэндээ би өдөр бүрийг дурсамжин дотроо шигтгэн авч үлдэхийн тулд энэ жилийг шинэ зүйл сурахад зориулсан.”
Түүний шинийг эрэлхийлэгч байдал, идэвхтэй амьдралын хэв маяг олон залууст урам зориг өгдөг. Та энэхүү номыг уншиж, өөрийн дотор нуугдаж буй эрч хүч, нөөц боломжоо ашиглан амьдралын хэмнэлээ  өөрчлөөд нэг үзээрэй. Номын нээлт маргааш Central Tower-ын 13 давхарт Mspace-т болно. Та нээлтэд очсоноор номын зохиолчтой уулзаж, гарын үсэгтэй ном худалдан авах боломжтой.