1045
 
 

10 НАСТАЙ ХҮҮГИЙН “ХҮЧТЭЙ” ЗҮРХ СЭТГЭЛ

“English school of Mongolia”-гийн 5b ангийн сурагч Магнай 930 шоу нэвтрүүлгийг өглөө бүр сонсдог. Тэрээр саяхан нэвтрүүлгээ сонсож байгаад "Хүйтэн өвлийг дулаацуулъя" аяны талаар олж мэджээ. Нэвтрүүлгийн үеэр түүнд хүүхдэд туслах гэгээхэн хүсэл төрсөн бөгөөд санаагаа ээж, багшдаа хэлэхэд тэд ихэд дэмжжээ. Ийнхүү тэрээр Хариу нэхээгүй хайрын баярт оролцохоор ангийн хүүхдүүдээ уриалан, хоёр хоногийн дотор чамлахааргүй их бэлэг цуглуулжээ.
Магнай бидэнд өгсөн ярилцлагад "Хүмүүсээ, сайхан сэтгэлтэй байгаарай" гэж даруухнаар энгийн атлаа утга учиртай үгийг хэлсэн юм. Мөн түүний анги удирдсан багш Б.Оюун хэлэхдээ "Юуны өмнө би хүүхдүүдээсээ та нарт бусдад баяр хөөр бэлэглэх юу байна гэдэг асуултыг тавьсан. Түүний дагуу хүүхдүүд маань өөрсдийн боломжоороо мөнгө, шинэ хувцас, ном, тоглоом зэргийг авч ирсэн. Миний хамгийн их бахархаж байгаа зүйл бол 10 настай хүүхдээс яаж ийм хүчтэй зүрх сэтгэл гардаг юм бэ гэдэг л байлаа." гэсэн юм.
Магнай болон түүний гэр бүл, ангийн багш, найзуудад нь чин сэтгэлээсээ баярлалаа. Магнай хүүгийн үйлдэл бидний сайн үйлсийн аяны утга учрыг илүү их тодотголоо. Бид зөвхөн бусдад бэлэг тараагаад өнгөрөх биш үүгээр дамжуулан нийгэмд нэг нэгнийгээ хайрлах сэтгэлийг үрийг тарихыг зорьж байгаа билээ.