1045
 
 

АГААРЫН БОХИРДОЛ ХҮҮХДИЙГ АРХАГ ӨВЧТЭЙ БОЛГОХ ЭРСДЭЛТЭЙ

Улаанбаатарчууд бид өглөөнөөс орой хүртэл хоолой хорсгом утаан дунд ажиллаж амьдарсаар... Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд богино болон урт хугацааны сөрөг нөлөөллүүдийг үзүүлсээр байна. Үүнтэй холбогдуулан Нийгмийн Эрүүл Мэндийн хүрээлэнгийн Гадаад орчны агаарын чанарын асуудал хариуцсан Эрдэм Шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнээс энэ талаар тодрууллаа.
“Агаарын бохирдлын үед түүхий нүүрс, авто машины хөдөлгүүрээс нийтлэг гарч буй PM 2.5, PM 10 гэсэн тоос тоосонцор хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг. Үүнээс болж толгой өвдөх, дотор муухайрах шинж тэмдэг илэрч болно. Агаарын бохирдолд бага насны хүүхдүүд маш өртөмтгий байдаг. Яагаад гэхээр хүүхдийн уушги бүрэн хөгжиж дуусаагүй, насанд хүрсэн хүнээс 2,5 дахин илүү хурдан амьсгалдаг, бодисын солилцоо хурдан эргэлддэг тул хүүхдийн уушги гэмтэх нөхцөл бүрддэг.  Бага насандаа ийм нөлөөлөлд өртсөн хүн 10, 20 жилийн дараа архаг хууч өвчтэй, ялангуяа амьсгалын замын өвчтэй болох эрсдэлтэй.” гэлээ.
Агаарын бохирдлоос хамгаалахын тулд маскийг өдөр тутам зүүх хэрэгтэй. Гэхдээ зөвийг олж сонгох нь чухал. PM 2,5, PM 10 тоосонцрыг шүүдэг, N99 N95 стандартын маск зүүхийг зөвлөж байна. Түүнчлэн нүүрний хэлбэрт тааруулан зүүгээрэй. Маск зүүснээр утаанаас үүдэх өвчлөлийг бууруулахаас гадна ханиад томуу, халдварт өвчнөөс сэргийлэх юм.