1045
 
 

АВРАГЧДЫН АЛДАР ГАВЬЯАГ МӨНХЖҮҮЛЭХ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

    "Уурхайгаас гарч ирэх хамгийн үнэт баялаг бол уурхайчин өөрөө байдаг билээ." Тэртээ 1990 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Налайхчуудын хувьд түүхэнд хараар тэмдэглэгдэж үлдсэн харуусам өдөр болсон.  Энэ өдөр уурхайн ослоор олон аавын хөвгүүд эндэж байсан гашуун түүхтэй. Энэ сарын 17-ны өдөр Уул уурхайн аврах ангиас дүүргийн ЗДТГ-тай хамтран “Үе, үеийн аврагчдын алдар гавьяаг мөнхжүүлэх хүндэтгэлийн арга хэмжээ”-г зохион байгууллаа. Энэ үеэр уурхайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, чимээгүй баатрууд болсон аврагчдаа дурссан юм. 
    Уг арга хэмжээнд Шадар сайдын ахлах зөвлөх, Ажлын албаны дарга Л.Саянаа, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай болон Уул уурхайн аврах ангийн удирдлага, үе үеийн алба хаагчид оролцлоо. 
Их уурхайд 1990 оны 12 дугаар сарын 17-ны өдөр албан үүргээ үнэнчээр гүйцэтгэж яваад амь эрсэдсэн 5 аврагч, гавъяат үйлстнүүдийнхээ намтар түүх, алдар гавъяаг хойч үедээ дурсан мөнхжүүлэх зорилгоор Уул Ууурхайн Аврах ангид алдрын булан нээсэн байна. Бас аврах ангийн үндсэн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах зорилгоор иж бүрэн химийн лабораторийн өрөө, баг аппаратур, ган татлага шалгах өрөөнүүдийг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болсон юм.

1045