1045
 
 

“ЦЭЦГИЙН ХАТАН” НЭВТРҮҮЛГИЙН СОНСОГЧ ЭЭЖҮҮД “ЭЭЖ” НАРЫГАА ДЭМЖЛЭЭ

Гэр бүлийн радиогийн хэзээний танил болсон “Цэцгийн хатан” нэвтрүүлэг 2007 оноос хойш сар бүр сонсогчидтойгоо уулзалт зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд онцгой болсон бөгөөд “Ээлтэй ертөнц” ТББ-ын дэргэдэх “Энэрэл” хүүхэд хөгжүүлэх төвд өдөрлөг зохион байгууллаа.
“Энэрэл” төвд байнгын асаргаа сувилгаа шаардлагатай 12 хүүхэд байдаг. Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэднийг асардаг гэр бүлийнхнийх нь нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх, нийгмийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр ажилладаг байна. Тухайлбал дэргэдээ зөөлөн тоглоомын үйлдвэртэй бөгөөд түүгээр 8 ээжид ажлын байр бий болгожээ.
Өдөрлөгийн тухай “Цэцгийн хатан” нэвтрүүлгийн сэтгүүлч Р.Оюундарь хэлэхдээ “Хүүхэд 2-3 насандаа гараас гардаг бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд насан туршийн халамж шаарддаг. Энэ төвийн онцлог нь эцэг эхчүүд хүүхдээ хөгжлийн төвд хүүхдээ оруулаад хажууд нь ажиллаж, орлого олдог. Тэгэхээр бид нэг ч гэсэн өдөр тэдгээр хүүхдүүд, ээжүүдийг баярлуулахаар чин сэтгэлийн бэлэг бэлдсэн” гэв.
Өнөөдрийн үйл ажиллагаанд радиогийн 20 орчим сонсогч ээж оролцжээ. Сонсогч Пүрэвдолгор “Мон дэр” монгол брэндийн, амьд тариагаар хийсэн дэр өгсөн байна. Уг дэр нь тархины даралттай, хуянтай ямар ч насны хүний эрүүл мэндэд тустай аж. Мөн сонсогч Мөнхсувд хөвөн зөөлөн ариун цэврийг хэрэглэлийг хандивласан бол бүлийн радиогийн зүгээс 12 хүүхдэд бэлэг бэлджээ. Бэлгэд CURCUMA-ийн амин дэм, зурж будах хэрэгсэл багтсанаас гадна “Оюуны соронз” хэвлэлийн газраас 20 орчим ном өгчээ. Ийнхүү хүүхдүүд төдийгүй давхар багш, эцэг эхчүүдийг баярлуулсан сайхан өдөрлөг болж өндөрлөв.