1045
 
 

БАЯЛАГ БҮТЭЭЖ БУЙ ХҮН БҮР УЛСДАА ҮНЭ ЦЭНЭТЭЙ

Асылмура гэдэг нэр нь “нандин уламжлал” гэсэн утгатай. Өнөө цагт төрөл бүрийн шинэ технологи үүсэж бий болохын хажуугаар гар урлалын үнэ цэнэ нэмэгдсээр байна. Тэр дундаа Казак үндэстний гар урлал, дүрслэх урлаг үнэхээр гайхамшигтай. Казак бүсгүйчүүд эсгий гэр, эсгий бүтээгдэхүүн, ноосон нэхмэл бүтээгдэхүүн гарамгай урладгаараа алдартай.
 “Асылмура” компани (2008) Баян-Өлгий аймаг, Налайх дүүрэгт үйлдвэртэй 130 гаруй хүнийг ажлын байраар ханган, нийгэмдээ баялаг бүтээж буй компани юм. Тэд жуулчдад зориулсан, соёлын хэв шинжтэй гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. 
Компанийн захирал А.Гүлмайратай хэлэхдээ “Аялал жуучлалын салбар бол өсөх ирээдүйтэй, улс оронд ашиг тусаа шууд өгдөг чухал салбар. Бид зөвхөн нэг бараа зарах биш үүгээрээ Монголынхоо соёлыг гаднын хүмүүст сурталчилж байгаа хэрэг.. Казак үндэстний хувьд эрт цагаас эхлэн гэр бүлийнхээ гишүүдэд гар хатгамалтай гэрийн хатавч, дэрний уут зэргийг өв залгамжлуулан өгдөг байсан. Казак үндэстний хээ хатгамал бол нүүдэлчин соёлын толь гэж хэлж болно. Түүнчлэн хатгамалд геометрийн хурц өнцөг дүрс тэр бүр байдаггүй, тойрч хатгасан нь монгол гэрт зохицдог.” гэлээ.
Эмэгтэйчүүд хүүхэд гаргахаас эхлээд олон шалтгаанаар ажил эрхлэх боломжгүй байдаг. Тэгвэл “Асылмура” компанийн хувьд гэртээ суудаг, ажил эрхлэх боломжгүй ээжүүдэд гэрээр хатгамал хийж, орлого олгох боломж олгодог. Тэд 2019 онд хүний нөөцдөө ихэд анхааран ажиллах ба Жайкагийн дэргэдэх Монгол-Японы төвтэй хамтарч ажилчдаа сургаж байгаа аж.