1045
 
 

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДЭМЖИН АЖИЛЛАДАГ БРЭНД

“Mayara” брэнд нь (2018) үндэсний өв уламжлалыг сэргээх, залуу хойч үеийнхэнд түгээх, хадгалах зорилготой. Уг брэндийн гол онцлог нь нийгэмд ээлтэй бизнесийн чиг баримтлалаар ажилладагт оршдог. Тэд бүтээгдэхүүнийхээ хэвлэл, эсгүүрийг үйлдвэртээ гаргаж, өрх толгойлсон, гэртээ хүүхэд хардаг эмэгтэйчүүдээр оёулдаг байна. 
Үүсгэн байгуулагдаад ганцхан жил болж байгаа ч 10 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаргаад амжжээ. Тэдгээрт цүнх, ороолт, дэвтэр гэх мэт төрөл бүрийн бүтээгдэхүүн багтдаг бөгөөд тус бүрт үндэсний бахархлаа шингээж, Монголыг дэлхийд сурталчлах зорилготой юм.
Үүсгэн байгуулагч Э.Азжаргал брэндийнхээ тухай хэлэхдээ “Цаг хугацаа маш хурдан өнгөрдөг юм байна. Анх ямар ч мөнгө, туршлага эхлэхдээ өөрийн орон байраа зараад үйлдвэрийн байр түрээсэлж бүтэн жил тэнд амьдарсан. Мэдээж энэ эмэгтэй хүний хувьд хэцүү зүйл. Гэхдээ нэг жил хүрэхгүй хугацаанд Шангри-Ла болон Наадам центр зэрэг томоохон худалдааны төвд дэлгүүртэй болж, орон нутагт ажлын байр гаргаж, олон эмэгтэйг дэмжин ажилласандаа баяртай байна.” гэлээ.
Түүнчлэн тэд цаашид оёдолчдынхоо тоог нэмэх, илүү чадваржуулж мэргэшүүлэх тал дээр анхаарч ажиллана гэдгээ хэлж байлаа. Мөн одоогоор өөрийн гэсэн үйлдвэрийн байртай болсон ба 2019 онд олон хүнийг ажилтай, орлоготой байлгахаар зорин ажиллаж байгаа аж.