1045
 
 

H1N1 ВИРУСААС ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Энэ сарын 7-ны байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн 57,508 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 4,136 тохиолдол оношлогдсон хэмээн Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлсэн. Түүнчлэн томуугийн А/H1N1/ вирус илэрчээ. Үүнтэй холбоотой иргэдийн дунд олон төөрөгдөл байгаа тул БЗД-ийн 3-р хорооны Эмнэхүй өрхийн эрүүл мэндийн төв-ийн их эмч Э.Отгонбумба-аас тодрууллаа.
“Энэ бол гахайн ханиад биш. А хүрээний H1N1 вирус нь томуугийн вирус бөгөөд хэн ч өртөх магадлалтай. Уг вирусийг авсан тохиолдол яг ханиад хүрсэнтэй адил ханиалгах, өндөр халуурах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Иргэд маань үүнээс айх хэрэггүй. Харин урьдчилан сэргийлэхийн тулд дархлаагаа дэмжих хэрэгтэй. Хүмүүс зөвхөн бага насны хүүхэдтэй холбож яриад байна. хэдийгээр энэ нь зөв боловч бага насны хүүхдүүдээс гадна томчууд жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд, өсвөр насныхан хүртэл H1N1 вирусээр өвчилж болно.” гэв.
Томуу, томуу төст өвчний халдвар авсан тохиолдолд халуун бууруулах эм уух, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх. Хэрэв та хоолой бачуурах, хамраас цус гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл өрхийн эмнэлэгтээ хандаж эмчлүүлээрэй.  
Түүнчлэн дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” ажлын өдрүүдэд 17:00-22:00 цаг хүртэл, Ням гарагт 10:00-16:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллах бол, Бямба гарагт Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10:00-16:00 цагт ажиллахаар боллоо.