1045
 
 

“УНАГАНЫ ЭЭЖҮҮД” УРАГШИЛСААР

Хүүхдийн тоглоомын дэлгүүрийн лангуун дээр өнгө өнгийн тоглоом, том, жижиг төрөл бүрийн хүүхэлдэй, машин, зөөлөн тоглоом өрөөтэй байдаг. Та Улаанбаатарын хаа нэгтээ бор өнгөтэй, жижигхэн “унага” амьтныг дүрсэлсэн зөөлөн тоглоом харж байна уу? Тийм ч бай, үгүй ч бай танд нэгэн байгууллагыг танилцуулъя. 
Ээлтэй ертөнц ТББ-ын дэргэдэх Энэрэл хүүхэд хөгжүүлэх төв нь улсын хэмжээнд анхдагч хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөгжүүлэх төв, асран хамгаалагчдын ажлын байрны цогц төв юм. Уг төвд тархины саа оноштой 12 хүүхэд байдаг. 
Тэд 10 жил тогтвортой үйл ажиллагаа явуулахдаа улсаас ямар ч дэмжлэггүй өнөөг хүрчээ. Хэдийгээр саад бэрхшээлүүд их байсан ч 2016 онд хойш хүүхэд хөгжлийн төвийнхөө дэргэд хүүхэд нь хамрагдаж буй эцэг эх, асран хамгаалагчид ажиллах зорилготой үйлдвэр байгуулжээ. 
Энэ талаар үүсгэн байгуулагчдын нэг Т.Туяажаргал хэлэхдээ “Ер нь хүмүүс биднийг “унаганы ээжүүд” гэдгээр нь сайн мэддэг. Бид зөвхөн унаганаас гадна ботго, туулай зэрэг олон төрлийн амьтны хэлбэртэй чихмэл тоглоом үйлдвэрлэж байна. 2019 он гармагц БСШУЯ-тай хамтран гахай жил гарч байгаатай холбоотой тоорой хийсэн. Урьд өмнө нь бид голчлон байгууллагуудтай хамтран ажилладаг байсан бол энэ жилээс бүтээгдэхүүнээ олон нийтэд  худалдаалж эхэлсэн.” гэлээ.
Уншигч та ээжүүдийн хайр шингээн урласан “Ханни” брэндийн зөөлөн тоглоом худалдан авч тэдний үйл ажиллагааг дэмжээрэй. Зөөлөн тоглоомууд Баруун дөрвөн зам болон Эх нялхсын Экстра Орос худалдааны төв, Вива ситид байрлах Энэрэл хүүхэд хөгжлийн төвөөс худалдан авч болно.