1045
 
 

“САР ШИНЭ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсээс олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сар шинэ -2019” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ талаар Дүүргийн Цагдаагийн хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, Цагдаагийн Ахмад А.Солонгоос тодрууллаа.
Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан иргэд эд зүйлээ хулгайд алдахаас урьдчилан сэргийлж орон байрныхаа аюулгүй байдлыг хангах, цонх хаалганы бэхэлгээг сайжруулахыг тус Цагдаагийн хэлтсээс анхааруулж байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэлээдгүй бүртгэгдэж байна. Иймд иргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх. Сар шинэ нэгдсэн арга хэмжээний хүрээнд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж автомашинаа харуул хамгаалалттай, гэрэлтүүлэгтэй газар байрлуулж тавих хэрэгтэй. Мөн баярын өдрүүдэд дүүрэг, орон нутгийг дамжин золголтоор явах үедээ цахим орчинд өөрийн мэдээллийг оруулахгүй байхыг анхааруулж байна. Энэ нь хулгайлах гэмт хэргийн нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Мөн олон нийт цугласан газраар үйлчлүүлэхдээ халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Замын цагдаагийн тасгаас  уг арга хэмжээний хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээс гадна хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.