1045
 
 

ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Улсын хэмжээнд “Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Үүнтэй холбоотой Булган аймгийн Цагдаагийн газраас зөвлөмж сэрэмжлүүлгийг хүргүүллээ. Энэ талаар Булган аймгийн Цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн ахмад Б.Батчулуун, Ахлах мөрдөгч, хошууч Ж.Батдорж, Замын цагдаагийн тасгийн дарга Б.Өнөрбат нараас тодрууллаа.
Сар шинийн баяр болж байгаа өдрүүдэд орон байрны хулгайлах гэмт хэрэг өсдөг. Тиймээс иргэд золголтоор олон хоногоор явахдаа гэрийнхээ аюулгүй байдлыг хангах болон цонх, хаалганыхаа бүрэн бүтэн байдлыг сайн шалгаарай. Мөн  хороо хариуцсан хэсгийн ахлагч, цагдаагийн ажилтан нарт захиж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг хүсье.
Монголын уламжлалт цагаан сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан архи, согтууруулах ундааг бага хэрэглэж маргаан асуудал гарвал уураар биш зохих байгууллагад нь хандаж хуулийн дагуу шийдэхийг анхааруулъя.
Баярын өдрүүд дөхөж байгаа учир хот хооронд болон орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. Иймд хөдөө орон нутагт зорчиж байгаа жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг баримтлан соёлтой оролцох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, аюулгүйн бүсээ хэрэглэж хэвшихийг уриалж байна.

Тус арга хэмжээний хүрээнд “Тэгш хэм, хяналт шалгалт, хулгайн гэмт хэргээс сэргийлье” гэсэн хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.