1045
 
 

60 НАС ГАРСАН Н.ДАМБАЛХАГВА ГУАЙН ХОЙЧ ҮЕДЭЭ ҮЛДЭЭХ ӨВ

"Түргэн тусламжийн төв 103"-д насаараа түргэний жолооч хийсэн Н.Дамбалхагва гэргий Б.Одончимэгийн болон хоёр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7-р хороонд амьдардаг. Түүний эхнэр Б.Одончимэг нь 7-р хорооны 18 р гудамжинд буюу амьдран суудаг хашаандаа номын сан байгуулах санаачилга гаргажээ.
Н.Дамбалхагва өгүүлэхдээ “Буурал ээжийгээ Бурханы оронд явахад, гэгээн дурсгалд нь зориулж гэрийнх нь Буйран дээр ийнхүү номын сан барихаар болсон юм. Манай энэ хавьд хүүхэд ихтэй. Даанч тэдэнд зориулсан тоглоомын талбай, номын сан байдаггүй. Энэхүү хийж байгаа ажил маань хойч үедээ оруулж байгаа өчүүхэн хувь нэмэр минь юм даа” гэлээ.
Тэд хашаа байшингаа барьцаалан номын сангийн барилгын ажлаа эхлүүлжээ. Цаашид үйл ажиллагаа нь жигдрэхээр сар бүр тэтгэврээс ээ багахан ч гэсэн мөнгө номын сандаа зарцуулаад явна гэж байлаа. Тэдний төлөвлөж буй Номын сан, Биеийн тамирын талбай, Хүүхэд хөгшдөд амрах саад байгуулах гээд 60 хувийн ажил гүйцэтгэлтэй явна.
Номын сан ирэх оны зургадугаар сарын 1 буюу "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-өөр нээлтээ хийх аж. Одоогийн байдлаар хүмүүсээс 700 гаруй ширхэг номын хандив иржээ. Мөн сагсан бөмбөгийн шийд байгуулахад 103-ын хамт олны зүгээс гагнахад дэмжсэн бөгөөд дэмжиж туслах хүсэлтэй хэнд ч болов нээлттэй юм.
Уг номын сан руу явахын тулд Зурагтын зам дагуу явж 24-р цэцэрлэг рүү чиглэсэн засмал замаар хойш салаад хоёр км орчим шулуун яваад хүрнэ. Тэр хавь нийслэлийн бусад дүүргийн алслагдсан хороог бодоход зам дагуу шинэ засмал замаар хучигдсан, дэд бүтэц сайтай, гүний худагтай байлаа.