1045
 
 

ДЭЛХИЙН РАДИОГИЙН ӨДРӨӨР СЭТГҮҮЛЧДИЙГ “ХҮЛЭЭЦТЭЙ” БАЙХАД УРИАЛЛАА

1045

Өнөөдөр бол дэлхийн радиогийн өдөр. 2011 онд НҮБ-ын ЮНЕСКО-гоос жил бүрийн 2 сарын 13-ны өдрийг дэлхийн радиогийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Энэ өдрийг тохиолдуулан ЮНЕСКО жил бүр өөр өөр сэдэв онцолдог байна. 2019 оны гол үндсэн нь санаа нь “Харилцаа, хүндэтгэлтэй буюу хүлээцтэй, эв эе”-тэй байдал юм.
Яагаад энэ сэдвийг онцлох болов оо? Хэвлэл мэдээллийн салбарын хамгийн чухал зарчим үнэний дуу хоолой болох юм. Сонирхолтой, анхаарал татсан бай гэж хэлээгүй шүү. Харин ямагт үнэн байх.  Харамсалтай нь сонин хэвлэл, телевиз, радио хандалтаа өсгөхийн тулд үнэн байх зарчмаа үл тоон, дан ганц дуулиан шуугианы хойноос л хөөцөлдөж байна. Яг бодит амьдрал дээр аливаа асуудлыг гүн гүнзгий судалсан, үнэн, хүчтэй дуу хоолой дутагдаж байна. Тиймээс л энэ цаг үед хамгийн их дутагдаж буй чухал зарчмуудыг онцолжээ.
Ахмад сэтгүүлч, МСНЭ-ийн хүндэт ерөнхийлөгч Ц.Дашдондов “Сэтгүүлч хүн юу хийх ёстой, юу хийх ёсгүй, яаж ажиллаж болох яаж ажиллаж болохгүйгээ маш сайн мэддэг байх хэрэгтэй” гэж хэлсэн нь их утга учиртай. Сэтгүүлч та бидэнд үзэг, микрофон, камер нь байна. Харин хүлцэн тэвчих, харилцан сонсох, хамтран ажиллах чадвар, бусдыг энэрэх зүрх сэтгэл нь байна уу? 
Радио амьд харилцан яриагаар дамжуулан сонсогчдын амьдралыг эерэгээр өөрчилж байдаг. Бидэнд микрофон бий гээд зөвхөн өөрсдөө ярьдаг биш, харилцан ярьдаг байх хэрэгтэй. Олон арван жилийн турш дэлхийн мянга мянган радио хүчирхийлэл, зөрчил маргаан, гадуурхахын эсрэг дуу хоолойгоо хүргэсээр байна. Гэр бүлийн радио ч гэсэн түүний нэг хэсэг байж эвлэрсэн нийгэм, бат бэх гэр бүлийн төлөө, нийгэмд өөрчлөлт авч ирэхээр ажиллаж байгааг дахин нэг сануулъя.