1045
 
 

“ХҮҮХЭД ОРОЛЦОО ХӨГЖИЛ ХАМГААЛАЛ 1:1” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ

Орхон аймгийн Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газар, Баян-Өндөр сумын Засаг Даргын Тамгын газар, Ахмад эмч, багш нарын холбоо, Орхон аймгийн Эрүүл Мэндийн газар, хамтран Хүүхэд Оролцоо Хөгжил Хамгаалал 1:1 хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Тус хөтөлбөр энэ сарын 20-ноос 5-аар сарын 20 хүртэл үргэлжилнэ. Хөтөлбөрийн зорилго нь Эрсдэлт бүлгийн өрхийн хүүхдүүдийг хамруулан хүүхдийг хөгжүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах, оролцоог хангах, ахмадаасаа суралцах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хүүхдийг болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд оршиж байгаа юм байна. Энэ хүрээнд зургаан арга хэмжээг зохион байгуулна. Үүнд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг шинжилгээнд хамруулах, Орон  нутгийг судлах музейтэй танилцуулах, Бид Эрдэнэт хотдоо хайртай тойрон аялалд оролцуулах мөн номын сангийн үйл ажиллагаатай танилцуулж хүүхэд бүрт карт нээлгэж ном уншуулах, хайрлах нас хүүхдийн жүжиг үзүүлэх, Хүүхдийн сонирхлын дагуу дугуйлан секцүүдэд хамруулах ажлуудыг тус тус зохион байгуулах юм байна. Мөн хөтөлбөрт 11-13 насны 21 багийн 60-75 хүүхэд хамрагдаж байгаа юм байна. "Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газар"ын мэргэжилтэн Д.Сайнбилэгээс энэ талаар тодрууллаа.
Тухайн хүүхэд өөрөө сурах хөгжих эрмэлзэлтэй, мөн аав ээж нь ажилгүй ажил хийх боломжгүй зорилтот бүлгийн айлуудыг сонгож авч байгаа. Эдгээр хүүхдүүдэд бид туслах үүрэгтэй. Тэдэнд хэчнээн сурах хөгжих хүсэл байвч дугуйлан секцийнх нь төлбөрийг тэр болгон төлөх боломжгүй байдаг. Тэгээд нэг багаас 3 хүүхэд гэхээр 60-70 гаруй хүүхэд хамрагдана. Хөтөлбөр танилцуулахад эцэг эхчүүд маш сайхан хүлээж авсан. Энэ хөтөлбөрт хамрагдсанаараа хүүхдүүдэд маань том боломж нээгдэж байгаа. Мөн энд эцэг эхийн оролцоо маш чухал. Энэ хугацаанд хүүхэд хамгаалагдана, ямар нэгэн хэрэг зөрчил осол гэмтэлд ороогүй бусад шалгуур үзүүлэлтийг хангасан ийм үр дүнг бид хүүхдүүдээсээ хүлээж байгаа.
Энэхүү хөтөлбөрт оролцож байгаа хүүхдүүд өөрсдөө суръя мэдэе гэсэн хүсэл эрмэлзэлтэй байх нь чухал ингэснээр илүү үр дүнтэй болох тухай ГБХЗХ газрын мэргэжилтэн Д.Сайнбилэг онцолж байсан юм. Мөн зөвлөхүүдэд зориулсан сургалт, охидын аминчхан яриа сургалт, хэлэлцүүлэг, хөвгүүдийн аминчхан яриа сургалт, хэлэлцүүлэг, Эцэг эхчүүдэд зориулсан хүмүүжлийн эерэг болон гэр бүлийн боловсрол олгох сургалт, Өөрийгөө хөгжүүлэх амьдрах ухааны сургалт зэрэг нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион явуулах юм байна.