1045
 
 

0.035 ММ-ЭЭС НИМГЭН НЭГ УДААГИЙН НИЙЛЭГ УУТ ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОНО

Хүн бүрийн өдөр тутмын хэрэглээнд өргөнөөр хэрэглэгддэг гялгар уут нь дэлхийн хэмжээнд жилд нэг тэрбум орчим үйлдвэрлэгддэг гэсэн статистик судалгаа бий. Нийлэг гялгар уут нь байгальд задарч устаж үгүй болох хүртлээ агаарт хорт бодис ялгаруулж хүний эрүүл мэнд сөргөөр нөлөөлж, улмаар хорт хавдар үүсгэх шалтгаан болдог ажээ. Иймээс дэлхийн хэмжээнд гялгар уутнаас татгалзах аян өрнөж байгаа юм. 
Үүнтэй Монгол улс нэгдэж Монгол Улсын Засгийн газар нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тухай 189 дүгээр тогтоол гаргасан. Энэ хүрээнд Орхон аймагт ажлын хэсэг байгуулагдан Гуравдугаар сарын нэгнээс 0,035 мм-ээс нимгэн нэг удаагийн нийлэг уут хэрэглэхийг хориглосон.
Аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын Хүнсний Эрүүл Ахуйн байцаагч Д.Лхагважав энэ тухай хэлэхдээ: “Бидний хэрэглэж байгаа зуугийн тор 0.019-0.033 хүртэл хэмжээтэй байна. Бид цаашид 0.035 дээш зузаантай нийлэг уут хэрэглээд явна. Мөн хүнсний скотч, хогийн уутыг хэрэглэж болохоор заасан ” гэлээ.
Мөн тус төрлийн гялгар уутнаас хамгийн аюултай диоаксинфран бодис агаар болон хөрсөнд ихээр дэгддэг байна. энэ тухай аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн П.Энхсэлэн “Гялгар уут байгальд задарч, шатаж төрөл бүрийн хэлбэрээр устаж алга болдог. Ялангуяа төвлөрсөн томоохон хог хаягдлын цэгүүд, айл өрхүүд гэртээ хашаандаа хогоо маш их хэмжээтэй шатаадаг. Үүнтэй холбоотойгоор нийлэг гялгар уут хальсан уутны шаталтаас ямар ямар бодис дэгддэг вэ гэхээр хамгийн аюултай диоаксинфран гэдэг бодис дэгддэг байна. Эдгээр нь зориудаар үүсдэг удаан задардаг органик бохирдуулагч байдаг. Энэ нь байгальд задарч огтоос алга болдоггүй тогтвортой он удаан жилээр байх чадвартай бодис юм. Уг бодис хүн, малын бие организмд хуримтлагдаж цаашлаад үхэлд хүргэх хүртэл аюултай юм.” гэв.
Нэг иргэн нэг даавуун тор ашиглах юм бол жилдээ 22,000 нийлэг гялгар уутны хэрэглээг танах боломжтой гэсэн статистик судалгаа байдаг.