1045
 
 

ТАНД ОРХИГДСОН ЗҮЙЛС БУСДАД БОЛОМЖ

Монголд анх удаа Дахин хэрэглээний сүлжээ дэлгүүр нээлтээ хийлээ. Юу гэнэ ээ, дахин хэрэглээний сүлжээ дэлгүүр гэв үү? Тэр нь юу юм болов оо? 
Яг энэ ойлголт манай улсад харьцангуй шинэ гэж хэлж болно. Өнөөдөр дэлхий дахинд 3R буюу дахин ашиглах, сэргээн ашиглах, дахин боловсруулах болон бууруулах туршлагыг олон нийтэд түгээн таниулж, амьдралдаа хэвшил болгох үзэл хурдацтай түгэн дэлгэрч байгаа билээ. Нэг ёсондоо эрүүл амьдралын хэв маяг болоод байна. 
BBC агентлагийн мэдээлснээр хувцас үйлдвэрлэл бол газрын тосны дараа орох байгальд хамгийн хѳнѳѳлтэй үйлдвэрлэл юм. Дэлхийд нэг секунд тутамд 2-3 тонн орчим хувцасны хог хаягддаг гээд л бод. Өөрт онцын хэрэгцээ шаардлагагүй, нэн чухал бус зүйлүүд худалдан авснаар та байгаль дэлхийдээ хор хөнөөл учруулахад гар бие оролцож байна гэсэн үг. Түүнчлэн дахин хэрэглэх боломжтой хувцсаа хаях, шатаах зэрэг ч үүнд багтана.
1045

ТЭГВЭЛ БИД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?
Асуудлын гол нь бид юу хийх вэ гэдэг л юм. Азаар бидэнд шийдэл байна. "Мөрөөдлийн Гэрэл" нь байгальд ээлтэй хаягдал болоод үйлдвэрлэлийн үе шат нь байгальд хоргүй дахин боловсруулагдах сав баглаа боодолтой, дахин хэрэглэх боломжтой бараа бүтээгдэхүүн борлуулдаг эко дэлгүүр юм. 
“Хамтдаа бүтээх Монголын мөрөөдөл” НҮТББ-ын Монгол дахь салбарын дарга Б.Цолмон: “Бид уг төслөөр дамжуулан дэлхий нийтэд хэвшил болон өргөжиж буй дахин хэрэглээний сүлжээ дэлгүүрийн жишиг хувилбарыг Монгол оронд нутагшуулах юм. Бид хувцсаа үнэгүй тараахгүй. Хүмүүст сайхан сэтгэлээр туслаад үнэгүй хувцас тараах нь тэднийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгох аюултай. Харин бид хувцсаа тодорхой мөнгөөр үнэлж, түүнээс олсон мөнгөөрөө зорилтот бүлгийн иргэдийг ажлын байраар хангана.” 
“Хамтдаа бүтээх Монголын мөрөөдөл” НҮТББ нь 2013 онд Монгол, Солонгос оюутан залуусын санаачилгаар байгуулагджээ. Тэд өнгөрсөн хугацаанд нийгэмд чиглэсэн төсөл, хөтөлбөр, сургалт семинар болон сайн дурын ажил хэрэгжүүлсээр ирсэн. Тэд өмнө нь  “Мөрөөдлийн төсөл-1”-ийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо Улаанчулуут хогийн цэг орчим амьдардаг хүүхдүүдэд чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх боломжийг олгохоор “Сагсан бөмбөгийн талбай барих” төслийг хэрэгжүүлсэн. 
Тэгвэл энэ удаад хоёр дахь төслөө эхлүүлээд байгаа нь энэ юм. Дэлгүүр нь Сүхбаатар дүүрэг, 13-р хороо, нуурын 9-13 /Дэнжийн мянгаас 32 тойрог явах замд 57 автобусны буудлын чанх урд/ -т хоёр давхар шилэн байшинд байрлаж байна. Та өөрт хэрэггүй ч бусдад хэрэгтэй, дахин ашиглах боломжтой хувцас хэрэглэлээ эко дэлгүүрт хандивлаарай.