1045
 
 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ ЗҮЙГЭЭС ЗУРГААН НАСААР ДҮҮ СЭТГҮҮЛЧ

Монгол улсад үндэсний сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөний 106 жилийн ой энэ өдөр тохиож байна. ойн баярын хүрээнд салбарын шилдгүүдэд шагнал гардуулдаг уламжлалтай. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс Ж.Цэвээний нэрэмжит шагналыг “Соёмбо” сонины ахмад сэтгүүлч, хурандаа Ж.Ядмаад гардууллаа.
Баярын хурлын үеэр түүний тухай TV9 телевизийн захирал “Ж.Ядмаа гуай бол энэ цаг үеийн сэтгүүлчдээс дайнд оролцож, дарын утаа үнэрлэсэн цорын ганц сэтгүүлч юм. Үнэндээ зуун жил амьдарсан хүний түүхийг зургаахан хуудсанд багтааж бэлдэнэ гэдэг хэцүү. Би түүний номыг уншиж байхдаа нэгэн зургийн тайлбар олж харсан. “Морин жолооч.... минь” гэсэн ганцхан өгүүлбэрт “минь” гэдэг үг нэмснээрээ тэр жолоочтойгоо ямар эрхэм нандин харилцаатай байсныг олж харна. Ончыг нь тааруулж хэлсэн ганц үг ч гэсэн багаддаггүйн жишээ энэ билээ. Жинхэнэ мастер сэтгүүлч л үүнийг хийж чадна” хэмээн өгүүлсэн.
Мөн энэ жил Монголын ууган хэвлэлийн нэг байсан "Улаан од" сонин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой тохиож байна. Сэтгүүлч, хурандаа Ж.Ядмаа тус сонинд 21 жил эрхлэгч хийсэн бөгөөд “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулж, оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайны жилүүдэд баатарлагаар тэмцэн иржээ.
Түүнтэй “Улаан од” сонинд  эн зэрэгцэн ажиллаж байсан Сонины ахмад ажилтан, зохиолч Дамдины Жамъян /СГЗ/ “Соёмбо” сонинд бичсэн нийтлэлдээ “Сэтгүүлч Ж.Ядмаагийн 100 нас бол Нобелийн шагналт Г.Маркес зохиолчийн бичсэнээр 100 жилийн ганцаардал, аз жаргал, зол баяр, зовлон гуниг, дахин давтагдашгүй түүх авай.” гэж хэлсэн нь утга учиртай аж.
Өнөөдөр бол ахмад сэтгүүлчдийн захиасыг залуу үедээ дуулгах, залуу сэтгүүлчдэд урам зориг өгөх, асуудлаа хэлэлцэж дүгнэх өдөр юм. Жилийн жилд яригддаг сэтгүүлчдийн мэдлэг, ур чадвар хангалтгүй байна гэдэг шүүмжлэлд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр товч боловч гүн утгатай хариу барив. “Мэдээ мэдээллийн чанарыг сайжруулах арга бол мэдээ үйлдвэрлэж байгаа хүн буюу сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг өөрийг нь чадваржуулах юм. Үүнийг хийж чадахгүй бол дараагийн том зүйлийг ярих боломжгүй юм.”
Тэгэхээр бид ахмад үеэсээ суралцаж, ирэх он жилүүдийг түүхийг бичээд л байж дээ.

1045