1045
 
 

АНГАРАГААС ИРСЭН “МЕССЕЖ”

Ангараг гарагаас мессеж иржээ. Хэнд, ямар илгээмж ирснийг мэдэхгүй ч ийм нэртэй, хүн бүрт нээлттэй уран зургийн дэлгэгдсэн байна.
Ц.Түвшинжаргалын гурав дахь бие даасан үзэсгэлэн 2019 оны Гуравдугаар сарын 6-нд “Алтан Хаан” урлагийн галерейд нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэн бүтэн сарын турш олон нийтэд нээлттэй байх юм.
Эмэгтэй хүн бол түүний бүтээлийн ерөнхий өнгө төрх юм. Үзэсгэлэнгийн нийт зураг нь эмэгтэй хүний дотоод ертөнц, баяр жаргал, уйтгар гунигтай харц, зүүд, мөрөөдөл, цэцгийн цоморлог, эмэгтэй хүний гоо үзэсгэлэн нүцгэн биеийг дүрсэлсэн байв. Тийм нарийн торгон мэдрэмжийг эмэгтэй хүн л мэдэрч, илэрхийлэх байх даа гэж бодохоор зургууд байна лээ. Хэмжээний хувьд голчлон жижиг хэмжээтэй зургаад дэлгээтэй байсан.
Зураач Ц.Түвшинжаргал нь 2001 онд Дүрслэх урлагийн “Анима” сургуулийг зураач мэргэжлээр төгсжээ. Тэрээр дотоод, гадаадад зохион байгуулсан 40 орчим хамтарсан үзэсгэлэнд оролцож байсан бөгөөд бүтээлүүд нь олон улсын урлагийн сонирхогчдын цуглуулгад байдаг ажээ.
Яагаад ч юм түүний үзэсгэлэн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй давхцаж байгаа нь сайхан санагдлаа. Тэгэхээр уншигч та Ийгл телевизийн эсрэг талд, “Эвсэг” ноолуурын дэлгүүрийн зүүн гар талд байрлах Алтан хаан” урлагийн галерейгаар ороод гараарай. Өдөр болгон биш ч сардаа нэг удаа уран зураг үзэж байх нь оюун санааг тайвшруулж, танд завгүй амьдралын хэв маягаас “зугтах” боломж олгоно шүү.

1045