1045
 
 

МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТУРИ МАГИСТРЫН АНХНЫ ЭЛСЭЛТЭЭ АВЛАА

С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж нь Монгол Улсын хэмжээнд мэргэжлийн хөгжимчин, бүжигчин, дуучин, циркчин бэлтгэн гаргадаг цорын ганц уурхай сургууль юм. Тус сургууль нь өнгөрсөн жил Монгол улсын консерватури болон өөрчлөгдсөн. Анх 1937 онд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 45-р тоот тушаалаар “Уран сайхны сургууль” нэртэй байгуулагдаж байжээ. Үүсэн байгуулагдсанаасаа хойш 7000 гаруй мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэн гаргасан байдаг.  Жилд дунджаар нэгдүгээр ангид 500 гаруй хүүхэд шалгагдаж ердөө 20 нь тэнцдэг босго өндөртэй сургууль юм. Энэ хичээлийн жилийн зорилго, төлөвлөсөн ажлын талаар МУ-ын консерватурын сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал доктор н.Гульрарузаас тодрууллаа. 
- Манайх 1-р ангид орох хүүхдүүдийн элсэлтээ өвөл авсан. Эдгээр хүүхдүүдээ зөвхөн сонгодог хөгжмийн ангид авдаг. Энэ жил  хийл, төгөлдөр хуурын ангид нийт 37 хүүхэд элсүүлэн авсан. Эдгээр хүүхдүүд нь нийт 500 гаруй хүүхдүүдээс шалгарсан. Эцэг эх нь заавал хөгжмийн мэдлэгтэй байх албагүй, хамтдаа суралцаад нот сураад явдаг.  
Тус сургууль нь 1-5 р ангид бага боловсрол, 6-9-р ангид дунд боловсрол, 10-11-р ангид тусгай мэргэжил олгож,  бакалаврын сургалтыг дөрвөн  жилийн хугацаанд явуулдаг ажээ. Энэ хичээлийн жилд магистрын анхны элсэлтээ авч хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна.