1045
 
 

МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР БА IT САЛБАРЫН ХОСЛОЛ

Саяхан л маркетингийн менежер гэдгийг бид хэдэн стикер, сурталчилгаа хэвлэж гудамжны зарлалын самбар дээр наах, телевиз юм уу сонинд реклам түгээх ажил хийдэг л ажил гэж ойлгодог байсан.
Харин орчин үед маркетингийн менежерүүд сошиал медиа буюу олон нийтийн сүлжээнд чөлөөтэй ажилладаг, технологийн мэдлэг сайтай хүнийг хэлдэг болжээ. Нэг талаар IT буюу мэдээлэл технологийн салбар - маркетинг хоёр нэг зоосны хоёр тал гэж ойлгож болох юм.
Тиймээс ч “Сошиал медиа менежер” гэдэг ажлын нэршил ч гараад ирлээ. Та энд тэнд явж байхдаа сошиал медиа менежер хийдэг хүмүүстэй их таарна. Үнэндээ дэлхий дахинд хуучин ойлголт хэдий ч манай орны нөхцөлд шинэ юм.
Тэгвэл тэд юу хийдэг юм бэ? “Алтан стандарт” академийн сошиал менежер М.Цогтсайхан өөрийн хийж буй ажлын онцлогийг хэлэхдээ “Би уул уурхайн инженер мэргэжилтэй. Ямар ч мэргэжилтэй хүн сошиал менежерийн ажлыг хийх боломжтой. Танд сайн чанарын зөөврийн компьютер, өндөр хурдны интернет байхад л хангалттай. Би ажлаа ихэвчлэн дундын оффис, кофе шоп зэрэг өөрт ая тухтай байдаг газраасаа хийдэг. Гэхдээ энэ тийм амархан сонсогдох ч хүнээс маш их тэвчээр, тууштай байдал шаардагддаг.” гэв.
Фейсбүүк, инстраграмд сурталчилгаа байршуулах, мэдээлэл түгээхэд маркетингийн зардал харьцангуй хямд байдаг. Хамгийн чухал нь хэрэглэгчдээ мэдрэх юм. Жишээ нь  “Z-Generation” буюу 2000 оноос хойш төрсөн хэрэглэгчдийн зан төлөвийг авч үзвэл  тэд аливаа зүйлээс амархан уйддаг, урт юм унших дургүй. Тэдэнд зориулаад богино нийтлэл бичье гэхээр мэдээллийн чанар алдагдах гээд байдаг. Тэгэхээр тэдний хүсэл сонирхлыг мэдрэхээс гадна өөрсдийн зарчим, үнэт зүйлээ алдахгүй байх нь чухал аж.
Товчхондоо цахим ертөнц бидэнд илүү бүтээлч, чөлөөтэй ажиллах орон зайг олгож байна. Гэхдээ энэ ажил нь зүгээр л олон нийтийн сүлжээнд пост оруулах ажил биш шүү. Үүний цаана судалгаа, аргачлал, маркетингийн төлөвлөгөө байж удаан хугацаанд тогтвортой ажилласнаар том үр дүнг авч ирэх боломжтой чухал ажил юм.