1045
 
 

ХАДГАЛАМЖ ӨЛСӨХӨӨС ЭХЭЛНЭ

Лектор, коуч буюу хувь хүний хөгжлийн чиглэлээр ажилладаг Г.Мөнгөн-тэй хуримтлал үүсгэх талаар ярилцлаа. Түүнд харилцах, хадгаламж, зээлийн хуримтлалын сан, аяллын, зугаа цэнгэлийн, ажлын гээд зургаан төрлийн данс байдаг. 
“ХАДГАЛАМЖ ӨЛСӨХӨӨС ЭХЭЛНЭ” гээд зургаан дансны системийн тухай долоохон минутын бичлэгийг нэг сая орчим хүн үзжээ. Бичлэг нь хүмүүст их хүрсэнд тэрээр өөрөө ч гайхсан байна. Орлогоосоо давсан өргүй байх, хадгаламж үүсгэх нь ихэнх хүний хувьд яахын аргагүй “эмзэг” сэдэв нь ажээ. 

- Ер нь та хадгаламж гэдэг зүйлийг та юу гэж ойлгодог вэ?
Өмнө нь би хадгалахыг нь мэддэггүй, амьдрахыг нь мэддэг байсан юм болов уу. Хадгаламж үүсгэх нь зөвхөн мөнгө хадгалахтай холбоотой бодлын түвшний шийдвэр биш харин амьдралын хэмнэлээ тэр чигт нь өөрчлөх тухай юм. Оюутан байх үедээ би яаж хамгийн бага зардлаар амьдрах вэ гэдгийг туршиж үзсэн. Дөрвөн жилийн хугацаанд гэрээсээ 500 мянган төгрөг авсан байдаг юм даа. Тэр үед би өлсөж, алхдаг байсан. Мөнгө олохын тулд хүний бие даалтыг хийж гүйцэтгэх, илтгэл мэтгэлцээний тэмцээнд орж шагнал авах зэргээр авьяас чадвараа ашигладаг байлаа. Тухайн үедээ багахан ч гэсэн мөнгө олоод түүндээ зохицоод амьдарч болдог байж. Гэхдээ хүний амьдрал сайжрах тусмаа өмнө нь амьдарч байсан аргачлал алдагдаж, хэрэглээ нь улам нэмэгддэг юм байна.
- Мөнгө хэмнэх тал дээр та ямар арга хэрэгжүүлсэн бэ?
Би санаандгүй байдлаар турах гэж оролдсон юм. Дасгал хийгээд, хоолны дэглэм бариад эхлэхэд эхэндээ нэг их зүйл мэдрэгдээгүй ч аажим аажмаар миний амьдралд шинэ дэвшлүүд гарч ирсэн. Би хоёр сарын дотор 107 кг –аас 20 кг жин хасаж чадсан. Оройн хоол идэхгүй учраас хоолны мөнгө хэмнэхээс гадна өглөө нь тархи амраад сэрдэг. Тиймдээ ч толгой сайн ажиллана, ажлын бүтээмж нэмэгдэнэ. Дээр нь ажилдаа гэрээсээ хоол бэлтгэж явна гээд хэмнэхтэй холбоотой бүх л оролдлогыг хийсэн.
- Тэгвэл та одоо ямар шийдвэр гаргав?
Хуучин бол хадгаламжгүй ч бага мөнгөөр амьдарч чаддаг байсан. Одоо бол хадгаламжтай, бага мөнгөөр амьдаръя гэдэг зарчмаар амьдрахаар шийдсэн.
- Мөнгө хадгалахтай холбоотой бусдаас авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?
Би нэг удаа Шанхайд долоон жил амьдарсан найзаасаа “Шанхай яагаад ийм өртөг өндөртэй байхад хүмүүс нь мөнгөтэй амьдраад байна аа?” гэж асуухад “Тэд чинь мөнгө хадгалдаг байхгүй юу” гэж товч бөгөөд тодорхой хариулж билээ.
- Хүн өөртөө яаж хадгаламжийн систем суулгах вэ?
Эхэнд хэлсэнчлэн хоол, хөдөлгөөнөө зохицуулах. Хүний идэх дур хүслээ эсэргүүцэх чадамж нь мөнгө хадгалах чадамжтай ижил хэмжээнд ярих асуудал. Японы жишээн дээр харахад тарган хүнийг улс төрд гаргадаггүй. Шударга байдлаа хадгална гэдэг бол өөртэйгөө л тэмцэнэ гэсэн үг.
- Хүмүүс хуримтлал үүсгэхэд цалин хэтэрхий бага байна гэж ярьдаг. Тэр хүмүүст хандаж юу хэлэх үү?
Та Хятад хүнээс долоон дор байна гэж хэлье. Манайхан яагаад ч юм хятад дургүй тэ? /инээв/ Ингэж хэллээ гээд надад гомдоно уу хамаа байхгүй. Хятад хүмүүс их олдогтоо биш ш дээ. Би Эрээн хотод тэрэг түрдэг хүнтэй маргахдаа эх орноо өмөөрч маргахдаа “Чиний тэгээд тэрэг түрээд сайн явж байгаа чинь хаана байна?” гэхэд “Би чамайг зөөгөөд 30 юань авч байна. Үүнээсээ би дөрвөн юаньд багтаагаад гэр бүлээрээ хангалттай хоол аваад идчихнэ. Дээр нь би та нарыг зөөгөөд үргэлж хөдөлж, гүйж байгаа тул эрүүл саруул байна. Надад цаана нь хадгалах мөнгө үлддэг. Надад мөнгө байгаа...” гэхэд “Хөөх” гэмээр л болсон.
Тэд нар харагдах байдал дээрээ ядуу ч гэсэн цаанаа бол зүгээр л нэг мөнгөтэй хүн биш хөрөнгө оруулагч гэсэн үг.
Эцэстээ энэ бүхэн ердөө та амьдралынхаа хэмнэлийг яаж удирдах уу гэдэгтэй л холбоотой. Авч байгаа цалингаасаа бага зардлаар амьдарч, түүнээсээ илүүчилж хадгална гэдэг бол таны ухаан л юм. Гэхдээ үүнийг хүн өөрөө зовж байж, санхүүгийн хямралд орж байж л ухаардаг юм байна лээ.
- Та зургаан данстай болоод ямар үр шимүүд хүртэж байна вэ?
Хадгаламж эхэлснээс хойш миний санхүүгийн боломж дээшилсээр л байна. Мөнгөө хэмнэж эхлээд байртай боллоо. Мэдээж ипотекийн зээлээ төлөхийн тулд түүнд тусгайлсан данс нээсэн. Сониноос би өнгөрсөн оны Есдүгээр сард аяллын данс нээгээд өөртөө 5,3 сая төгрөг хадгалах зорилт тавьсан. Одоогийн байдлаар би 2000$ -ыг аль хэдийн цуглуулсан байна. Одоо 300 мянган төгрөг л үлдсэн байна даа. Ямартай ч аялна даа. Нэмж хэлэхэд заавал зургаан данс байх албагүй. Таван жилийн дараа миний данс хэд ч болж болох юм. Дансны тоо нь хүн бүрийн амьдралын хэв маяг, хэрэгцээнээс үүдэн бий болдог.