1045
 
 

ЭКО ХЭРЭГЛЭЭНД ЭГО БАЙДАГГҮЙ

“БиоАмьдрал” дэлгүүрийг үүсгэн байгуулагч А.Очгэрэл буюу Ожинка-тай уулзаж био амьдралын үнэ цэнэ, философийн тухай ярилцлаа. Тэрээр 18 жил Чех улсад ажиллаж амьдарч байгаад жил гаруйн өмнө эх орондоо иржээ. Тэнд байх хугацаандаа био амьдралын талаар судалж, туршиж үзээд аль болох материаллаг зүйлээс хол байж, хэрэглээгээ хянаж эхэлсэн байна. Харин түүнээс хойш юу болов?
“Анх Монголоо ирээд дэлгүүрээ нээж байхад хүмүүсийн мэдээлэлгүй байдал л саад бэрхшээл болж байсан. Хүн мэдэхгүй зүйлээ шүүмжлэх нь их. Яг л харанхуйгаас айдаг шиг. Гэхдээ хүн хэлэхээс наашгүй гэдэг. Тиймээс тэдэнд хэлж өгөх нь маш чухал юм байна гэдгийг ойлгосон.”
“Био амьдрал гэдэг үг маань маш өргөн хүрээнд хувьсах чадвартай үг. Хүмүүс зөвхөн #био гэдэг л ач холбогдол өгөөд байдаг. Манайх 3М буюу “Мэдлэг, мэдээлэл, мэдрэмж” гэсэн гурван зүйлийг үнэ цэнээ болгодог. Нэгт хүн манайд орж ирээд юу ч худалдан авахгүй гарах байсан ч тэр хүнд ямар нэг мэдлэг өгөөд гаргах. Хоёрт шинэ мэдээлэл өгөх. Гуравт манай дотоод орчин, уур амьсгалаас мэдрэмж авах… Энэ л бидний бусдад түгээж буй үнэ цэнэ юм.” 

                                                                                    “БиоАмьдрал” дэлгүүрийн үүсгэн байгуулагч А.Очгэрэл                                    1045

Био бүтээгдэхүүний үнэ цэнэ эх үүсвэртээ л оршдог. Хэн, хаана, хэзээ, яаж үйлдвэрлэсэн нь их чухал.
Хүмүүс манай эх оронд ч гэсэн органик бүтээгдэхүүн байгаа ш дээ гэж хэлдэг ч түүхийн эдэд ач холбогдол өгдөггүй. Органик гэх шошготой бүхэн органик биш шүү дээ. Хаана, хэн, хэзээ, яаж үйлдвэрлэсэн нь тодорхой байх хэрэгтэй.

1045 "Гараар савлав" 
Дээр нь бүтээгдэхүүн бүрийн ард “гараар савлав” гэсэн тэмдэглэгээ байдаг. Яагаад? Үүний цаана хүмүүсийг ажлын байраар хангаж байгаа юм шүү дээ. Дээр нь техник технологийн хүчинд найдахгүй гэсэн үг. Үүний цаана маш том философи явж байгаа…
Органик био хүнсийг голчлон гадаадаас оруулж ирдэг бол дотоодоос гар урлалын бүтээгдэхүүн, өөр бусад жижиг дунд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнээс авдаг. “Био” гэдэг ойлголтод зөвхөн бүтээгдэхүүн зарах биш эргээд нийгэмдээ хариуцлагатай байх, чадах зүйлээрээ бусдыгаа дэмжих ойлголт ч багтдаг.

Монголын анхны гялгар уутгүй дэлгүүр
Хүмүүс анх уут өгөхгүй болохоор гайхдаг байсан ч одоо энэ дэлгүүрт хүмүүс даавуун уутаа бариад ирдэг болжээ. Жишээлбэл таны харж байгаа цайны гаднах гялгар уут бол эрдэнэ шишийн цардуулаас гаргаж авсан уут. Цайнуудын цаас нь дахин боловсруулах боломжтой буюу цайруулах бодис агуулаагүй материалаар хийгдсэн. Мөн цайны доторх тор нь бор цасаар хийгдсэн учраас халуун усанд орохоороо химийн урвалд орохгүй гэсэн үг.

1045

Кофе филтер буюу шүүгч
Нэг хүн өдөр дунджаар хоёр аяга кофе уудаг гэж үзвэл хоёр ширхэг цаасан шүүгч хэрэглээд хаяна гэсэн үг. Харин кофе уухдаа энэхүү органик даавуун шүүгчийг дахин дахин угаагаад хэрэглэх боломжтой. Кофе өөрөө тослог чанартай. Цаасан шүүгч кофены тосыг нь өөртөө наан үлдээдэг. Энэ даавуун шүүгч кофег тостой нь хамт шүүдэг тул илүү амттай кофе гаргадаг.

1045

Хулсан сойз
Хулсны сойзны үс нь маш зөөлөн. Нарийн хялгас шүдний завсар орсон хоолны үлдэгдлийг маш сайн цэвэрлэдэг. Хуванцар сойз нь орчны нян бохирдол, тоосонцрыг өөртөө татаж бактери үржүүлдэг байхад энэ сойз өөрийгөө цэвэрлэдэг тул зургаан сараас нэг жил хүртэл хэрэглэж болно. Хаялаа ч гэсэн хөрсөнд хурдан задардаг юм байна.

1045

Тор
Ямар тор хэрэглэх нь тухайн хүний өөрийн сонголт. Тэд аль болох олон сонголттой даавуун тор байршуулжээ. Жишээлбэл органик даавуугаар шүлжсэн 70 грамм жинтэй, 10 кг хүртэл сунадаг, урагдахгүй, агшихгүй тор байна лээ шүү.

1045

Эрэгтэй хүнд зориулсан сахлын тос хүртэл байна…

Тэр сүүлд нь "Эко хэрэглээнд эго байдаггүй. Эго нь өөрийгөө нэгт тавихыг хэлдэг. Харин эхлээд энэ бүтээгдэхүүн өөрт ямар санагдахаас илүү байгальд ээлтэй юу гэдгийг бодохоос л эко хэрэглээ эхэлнэ" хэмээн хэллээ.