1045
 
 

МАРШ ТАКТИКИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярыг тохиолдуулан үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг Орхон аймгийн засаг даргын нэрэмжит марш тактикийн тэмцээн зохион байгуулагдлаа. Нээлтийн ёслолын үеэр хугацаат цэргийн алба хаагчдын байлдааны гардан тулааны үзүүлэх тоглолт боллоо. 
      Марш тактикийн тэмцээнд энэ жил Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд, Онцгой байдал, Цагдаагийн газрын нийт 19 тасаг оролцсон байна. Гранат шидэлт, гир өргөх, 10 км гүйлтийн тэмцээн, буудлага, хөнөөлийн голомтод ажиллах, үй олноор хөнөөх зэвсгээс эсэргүүцэн хамгаалах гэх мэт даалгавруудыг гүйцэтгэх ёстой юм.
     Марш тактикийн тэмцээн нь хүчний байгууллагын алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлэн байдлыг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг сайжруулах, харилцан суралцах, цэргийн хөдөлмөрийн онцлогийг иргэд олон нийтэд сурталчлах зорилготой юм.
Нийлбэр онооны дүнгээр ЗХ-ний 186-р ангийн ахлах ахлагч О.Болдбаатар даргатай тасаг нэгдүгээр байр эзэлж цом, алтан медалийн эзэд болцгоолоо. Харин ахлах ахлагч Г.Энхтөр даргатай Онцгой байдлын газрын Нэгдүгээр тасаг дэд байр, ЗХ-ний 186-р ангийн ахлах дэслэгч Л.Эрдэнэбилэг даргатай Гуравдугаар тасгийн хамт олон удаах дугаар байрыг тус тус эзэллээ.