1045
 
 

ОРХОН АЙМАГТ ХҮҮХЭД ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨРТ 50 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Дэлхийн зөн олон улсын байгууллагын “Хүүхэд ивээн тэтгэх” хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлэхэд төсвөөс 50 сая төгрөг зарцуулахаар болсон. Өнгөрсөн долоо хоногт Аймгийн засаг дарга Д.Батлут  ДЗОУБ-ын  Монгол Улс дахь суурин төлөөлөгч Филип Ийвэртыг хүлээн авч уулзлаа.
Урьд жилүүдэд уг хөтөлбөр нь гадаадын иргэдийн сайн санааны хандиваар санхүүждэг байсан бол одооноос Монголын хандивлагч иргэдийн хөрөнгөөр хэрэгжихээр болжээ. “Монголчууд Монголчууддаа” санаачилгын хүрээнд хэрэгжиж буй уг хөтөлбөрт одоогоор Орхон аймгийн 270 хүүхдийг хамруулсан байна. Энэ онд дээрх тоог хоёр дахин нэмэгдүүлэн 600 хүргэхээр төлөвлөжээ. 
Мөн уулзалтын үеэр Орхон аймаг тус байгууллагатай “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийг хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Уг төсөл нь ДЗОУБ болон USAID байгууллагын 380 мянга гаруй Америк долларын санхүүжилттэй. Нийслэлийн есөн дүүрэг, есөн хороо, Орхон аймгийн дөрвөн байгууллага, зургаан багт хэрэгжинэ. Төсөл 2020 оны Есдүгээр сар хүртэл үргэлжилнэ гэж тус байгууллагын ажилтан М.Аззаяа ярилаа. 
 ДЗОУБ Эрдэнэт ОНХ-ын зохицуулагч М.Аззаяа “Одоогийн байдлаар өмнөх хөтөлбөрийг бодвол бүтцийн хувьд багассан буюу хоёр хүний орон тоотойгоор ажиллаж байна.  Манай ивээн тэтгэлгийн хувьд байгууллага болон хувь хүн гэсэн хоёр чиглэлээр явагддаг. Ивээн тэтгэх хувь хүмүүс сардаа тодорхой хэмжээний санхүүгийн тусламж үзүүлэн явах бол байгууллагуудын зөвхөн санхүүгээр зогсохгүй бусад хэлбэрээр дэмжинэ. Энэхүү хөтөлбөрийн онцлог нь өөрсдөө санхүүжилтээ босгох нь онцлог нь юм.” гэв.
Уг төсөл хэрэгжсэнээр суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн төвшний гамшгийн менежментийг сайжруулахад тусална. Мөн цаашлаад “Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангахад түлхэц болно гэж  үзэж байна. 
ДЗОУБ нь Орхон аймагт 2001 оноос өнөөг хүртэл “Эрдэнэт” хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд манай аймгийн 20 мянга гаруй хүүхэд, 35 мянга гаруй насанд хүрэгчдэд шууд болон шууд бусаар хүрч ажилласан гэж тус байгууллагын тайланд дурдсан юм.