1045
 
 

СЭТГЭЛИЙН АНИРТ УРИАЛЛАА

ОА-ын Засаг Даргын Тамгын Газрын дарга Д.Соёлчхүүгийн санаачлалаар аймгийн хэмжээнд сэтгэл зүйн, гэр бүл судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сэтгэл зүйчид болон гэр бүл судлаачдын баг хамтран “Сэтгэлийн анир” төслийг хэрэгжүүлж эхлүүлсэн. Тэд 2017-2018 оны хичээлийн жилд аймгийн ЕБС –ийн наймаас 12 дугаар ангийн 4700 гаруй хүүхдүүдэд хүрч ажилласан юм. Ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөөг хүсэж буй хүүхэд бүрд зөвлөгөө үзүүлэх, сэтгэл зүйн таван төрөлд судалгаа шинжилгээ хийх, анги хамт олныг сургалтын үйл ажиллагаанд хамруулах зэрэг үйл ажиллагаа явуулсан.
Төслийн хоёр дахь шатанд төрийн болон төрийн өмчит арван дөрвөн газрын 20 орчим  байгууллагын албан хаагч нарт хүрч ажиллахаар зорьжээ. Төлөвлөгөөнийхөө дагуу энэ долоо хоногт ОА-ын Цагдаагийн газар дээр ажиллаж байна.
Сэтгэлийн Анир төслийн багийн гишүүн гэр бүлийн сэтгэл зүйч Б.Батхүү “Сэтгэлийн Анир” төслийн баг 2019 оны Гуравдугаар сарын 25 наас ирэх сарын тавны хооронд ОА-ын Цагдаагийн Газар ажиллаж байна. Сургалтад хамрагдсан хүмүүсийн хувьд амьдралд нь нөлөөлөл болсон талаар дурддаг. Зарим байгууллагын хувьд дахин хамтран ажиллах хүсэлтээ ч ирүүлсэн тохиолдлууд байна. Байгууллагынхаа албан хаагчдын төлөө сэтгэл зүйчтэй хамтран ажиллах гэрээ байгуулах зэрэг санал хүсэлтээ илэрхийлэн төсөл маань амжилттай хэрэгжиж байна.” гэлээ.
“Сэтгэлийн анир” төслийн баг цаашид хүрч ажиллах төрийн болон төрийн өмчит бусад байгууллага дээр хувь хүн гэр бүлийн сэтгэл зүйн амар төвшин байдал, сэтгэл зүйн дархлаатай байдлыг эзэмшүүлэхээр зорин ажиллаж байна. Хувь хүн гэр бүлдээ сэтгэл зүйн төлөвшилттэй ханддаг байхад гэр бүлийн амьдрал цаашлаад нийгмийн уур амьсгалд таатай нөлөөлөл болох билээ.