1045
 
 

380 иргэнийг түр ажлын байраар хангалаа

Гэр хорооллын  жалга, далан шуудууд хог хаягдал их хэмжээгээр хуримтлагдаж орчны бохирдлыг үүсгэдэг. Иймд Баян-Өндөр сумын ЗДТГ-аас багуудын ажлын алба, Хот тохижуулах газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран нийтийг хамарсан түр ажлын байрыг бий болгож багийн нутаг дэвсгэрт хог хаягдал их хэмжээгээр хуримтлагдсан нийт 1640 метр куб талбайн цэвэрлэгээ хийгдэхээр боллоо.

Тус ажил дөрөв дүгээр сарын 10, 11, 12-ны өдрүүдэд гурван хоногийн хугацаатай үргэлжлэх юм. Гэр хорооллын 14 багийн нутаг дэвсгэр дэх үерийн далан, гуу жалга цэвэрлэх нийтийг хамарсан ажлыг Баян-Өндөр сум  зохион байгуулна.

Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас олгогддог “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан” гийн хөрөнгөөр “Нэг өрх-Нэг ажлын байр”  хөтөлбөрт хамрагдсан өрхийн ажилгүй иргэд болон зорилтот бүлгийн өрхийн  иргэдээс хамруулан түр ажлын байранд нийт 380 иргэнийг хамруулахаар болжээ.

Өнгөрөгч 2018 онд Баян-Өндөр сумаас нийтийг хамарсан түр ажлын байр бий болгох төслийг гурван ч удаа зохион байгуулж нийт 671 иргэнийг түр ажлын байраар хангажээ.