1045
 
 

Налайх–Улаанбаатарын авто замын хөдөлгөөнийг хязгаарлана

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замыг өөрчлөх, шинэчлэлт хийх төсөл энэ сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Энэ талаар Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатараас тодрууллаа.

“Энэ хугацаанд Налайх–Улаанбаатарыг холбосон хуучин бетон замын тээврийн хөдөлгөөнийг бүрэн хаана. Үүнтэй холбоотойгоор нийслэлээс хөрөнгө мөнгийг шийдэж түр замыг гаргаж байна. Түр зам нь Зүүн чиглэлийн авто замаас салаад “Оргил” худалдааны төвийн ардуур шороон замаар яваад Баянзүрхийн товчооны “Мандах нар” дэлгүүрийн хажуугаар засмал замтайгаа холбогдоно. Нийслэлийн Засаг Даргын 2019 оны Гуравдугаар дугаар сарын 22-ны өдөр А/220 захирамжаар замын хөдөлгөөнийг бүрэн хааж бүх жин нь 3,5 тн-оос дээш ачааны автомашин болон наймаас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслүүд гаргасан түр замаар зорчиж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана. Налайх дүүргийн нийтийн тээвэр сайжруулсан шороон түр замаар явна.” гэлээ.

Харин бүх жин нь 3,5 тн-оос дээш ачааны машин, наймаас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг “Налайх, Чойрын уулзвар-Дөрөвдүгээр зөрлөг-Төв аймгийн Зуунмод-Улаанбаатар” гэсэн чиглэлээр зорчихоор зохион байгуулжээ.