1045
 
 

“Өнгө нэм“ эко өдөрлөгөөс сурах зүйлс

Монгол улсад анх удаа “Өнгө нэм” хог хаягдлын менежментийн мэдээллийг албан байгууллага, хувь хүнд олгох зорилготой уулзалт хэлэлцүүлэг анх удаа зохион байгуулагдаж байна. Уг өдөрлөгийг Монголын Хог Хаягдлын Дахин Боловсруулах Үндэсний Холбооноос санаачлан зохион байгуулж байна. Манай улсын хэмжээнд жилд 2,3 сая тонн хог хаягдал үүсэж байна гэх статистик тоо мэдээлэл бий. Нийт хог хаягдлын 1,4 сая тн нь Улаанбаатар хотоос гардаг. Уг нь бол хаягдаж байгаа хог хаягдлын 70-80 хувийг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой аж.

Дэлхийн хэмжээнд хуванцрын 30-40 хувийг дахин боловсруулж байна. Харин Монголын хувьд хоёр ч хувь хүрдэггүй байна. Ер нь дэлхий нийтээрээ хог хаягдлыг ландфилл буюу булаж хаяхаас татгалзаж байгаа бол Улаанбаатар хотынхон ч гэсэн энэ жишгийн дагуу явж байгаа юм.

2005 онд “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо” ТББ байгуулагджээ. Тус байгууллагын гүйцэтгэх захирал П.Цэндмаа хэлэхдээ “Бид нийслэлийн хэмжээнд 204 хоёрдогч түүхийн эд авах цэгтэй. Хөдөө орон нутгийг тооцвол бараг 300 гаруй түүхий эд авах цэгтэй. Мөн Улаанбаатарын дахин боловсруулах 20 гаруй үйлдвэр байдаг. Заримдаа үйлдвэрүүд маань түүхийн эдийн дутагдалд орох тохиолдол байдаг. Тиймээс иргэд маань ухамсартай дахин боловсруулах хог хаягдлаа нийлүүлэх хэрэгтэй юм.” гэсэн.

Хог хаягдлын бүтцийн судалгаа хийхэд орон сууцын хүнсний буюу органик хог хаягдал органик 30 хувьтай байсан бол гэр хорооллын айлууд 20 хүрэхгүй хувьтай байдаг. Органик хог хаягдлын тоо хэмжээг бууруулж байж хогийн цэг дээр үүсэх бохирдол, хөрсөнд нөлөөлөх хор нь ч гэсэн бага юм.
Цаашид хог хаягдлын менежментийн хүрээнд хог хаягдлаа багасгах, ангилах, дахин боловсруулах бүх төрлийн мэдээлэл авах, албан байгууллага аж ахуй нэгжийг хог хаягдлаа ангилан ялгах үйл ажиллагаанд уриалах, хувь хүн, байгууллагын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлж байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахад чиглүүлнэ.

Гаднын жишээг дурдахад “Amazon” компани хог хаягдлын менежментдээ жилд 10 сая доллар зарцуулдаг аж. Өдөрлөгийн үеэр хог хаягдлын менежментийг бүрэн хэрэгжүүлсэн байгууллагын бодит жишээнүүдийг хуваалцлаа.

Шангрила зочид буудал 2018 оны Дөрөвдүгээр сараас эхлэн хогоо ангилан ялгаж байгаа бөгөөд дөрвөн төрлөөр хогоо ангилан хаядаг байна. Ажилчдаа сарын сургалтад хамруулж, компани нь дэмжсэнээр энэ ажлыг амжилттай хэрэгжүүлсэн талаар Шангри Ла зочид буудлын эрүүл ахуйч менежер Д.Саранцэцэг хэлсэн.

Харин “Holiday Inn” зочид буудлын ХАБ усны эрүүл ахуйч менежер Б.Баярчимэг өгүүлэхдээ тус байгууллагын хувьд ус, тогоо хэмнэж чадаж байсан ч өдөр тутам гарч буй хог хаягдлаа хэрхэн ангилах тал дээр хүндрэлүүд учирч байжээ. Гэхдээ явцын дунд сайжирч, гурван сарын дараа ажилчид нь хогоо хэрхэн ангилж хаяхыг маш сайн сурсан аж.

Харин “Шинэ монгол” ЕБС-ийн дотоод хяналтын ажилтан Б.Эрдэнэтуяа хэлэхдээ “Манай сургууль хог хаягдлаа ангилан ялгах жишиг дунд сургууль болохоор зорин ажиллаж байна. Бид ангилсан хогоо 14 хоногт нэг удаа ангилдаг. Хүүхдүүд маань ч гэсэн гэртээ ялгасан хог хаягдлаа авч ирээд тушаадаг. Бүх ангид хогийн сав байхгүй ч, сургуулийн давхар бүрт хогийн сав бий. Түүнчлэн дунд ангийн сурагчид маань хөдөлмөрийн хичээл дээрээ улавч, даавуун уут оёж, сургууль дотроо борлуулдаг. Тиймээс бид гялгар уутан улавч зарахаа больсон.” гэлээ.

Анх удаа зохион байгуулагдаж буй уг эко өдөрлөг бодит туршлагаар дүүрэн байлаа. Та ч гэсэн ар гэр, албан байгууллага дээрээ хогоо ангилж хаяж эхлээхэй. Хэзээ ч хийхгүй байснаас оройтоод ч болов эхлэх хэрэгтэй гэдэг шүү дээ.