1045
 
 

ХЭРЭГГҮЙ БОЛСОН ХУЛДААСАН “АНОНС” АВНА

1045

“Ананас” төсөл бол Зориг Сангийн Байгаль Орчны Манлайлагч Хөтөлбөрийн хог хаягдлыг бууруулах багийн төсөл юм. Тэд нэг удаа ашиглаад хэрэггүй болдог анонсыг буюу хулдаасан хэвлэлийг хэрэгтэй үйлсэд ашиглая хэмээн уриалж байна.
Уг төсөл нь хог хаягдлыг ашиглан “upcycle” буюу дахин эргэлтэд оруулж, байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хог хаягдлыг багасгах талаар мэдлэг мэдээллийг бусдад түгээн хог хаягдлыг бууруулах зорилготой. 
Төслийн багийн судалснаар 2019 оны Нэгдүгээр сард Их дэлгүүрээс Төв шуудан хүртэл алхахад 97 ширхэг реклам зар сурталчилгаа байжээ. 2017 оны байдлаар Монгол Улсад 72,182 аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас байгууллага бүр жилд дунджаар 2-3 хулдаасан хэвлэлийг өөрсдийн сурталчилгаа, нүүр царайг илэрхийлэх үүднээс хэвлүүлэн ашигладаг гэж үзвэл жил бүр маш их хэмжээний, дахин боловсруулагдах боломжгүй хог хаягдал үүсдэг.
“Ананас” төслийн сайн дурын гишүүн Б.Энхжин “Бид энэхүү төслөөр дамжуулж байгаль орчинд ээлтэй байгаад зогсохгүй хүмүүсийн амьдралд ч  гэсэн тус дэм болохыг хүссэн. Гэртээ хүүхдээ асардаг ээжүүдээр бүтээгдэхүүнээ оёулж, өрхийн орлогыг нь дэмжиж буй нь төслийн давуу тал юм. Та бүхний хандивласан хулдаасан анонсыг цуглуулан, өөрсдөө эсгэж,эмнэлгийн зориулалттай бодисоор халдваргүйжүүлдэг. Үүний дараа эсгэсэн материалаа ээж нарт өгч, оёулж, эцэст нь та бүхний гар дээр өнгөлөг, чанартай хүнс цуглуулах уут, балны уут зэрэг бүтээгдэхүүн очих юм.” гэлээ. 
Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан судалгаагаар гэртээ хүүхдээ асардаг ээжүүд 100 мянга орчим, өвчтэй хүн асарсан 7000 гаруй, гэрийн ажилтай 57 мянга гаруй эмэгтэй байдаг.