1045
 
 

Хүүхэд хамгааллын жишиг сургууль

Баянхонгор аймгийн ИТХ-ын 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн дугаар тогтоолоор 2019 оныг “Хүүхэд хамгаалал, өв тэгш хүмүүжил”-ийн жил болгон зарласан. Энэ ажлын хүрээнд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчидруу хандсан олон ажлыг аймгийн ЗДТГ, Нийгмийн  бодлогын хэлтэс, Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулж байна. Аймгийн Засаг даргын санаачилга дэмжлэгээр Аймгийн ГБХЗХГ-аас Хүүхэд хамгааллын чиглэлээр  жишиг сургууль болохоор зорьж буй “Эрдэнэмандал” ахлах сургууль, Эрдэнэцогт сумын есөн жилийн сургуулийн багш эцэг эхчүүдээс 140 хүнийг сургагч багшаар бэлтгэх нэгдүгээр ээлжийн буюу “Монгол уламжлалт-сурган хүмүүжил орчин үе” хөтөлбөрт сургалтыг зохион байгууллаа.
Энэ талаар “Эрдэнэмандал” ахлах сургуулийн захирал Ц.Энхтөр хэлэхдээ “2018-2019 оны хичээлийн жилээс “Жишиг сургууль” хөтөлбөрийн хүрээнд манай сургууль сонгогдсон. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар Монгол ёс заншил, өв уламжлал дээр хэрхэн тулгуурлаж, хүүхдүүдийг хүмүүжүүлэх ямар арга байна гэдэг гол асуудалд анхаарлаа хандуулсан. Монгол ёс заншил, өв уламжлалыг сурагчдад эзэмшүүлснээрээ, эерэг аргад суралцуулснаараа  сурагчдын харилцаа хандлага сургалт хүмүүжил төлөвшилд эерэг хандлага бий болно харж байгаа юм.” гэлээ. 
Дээрх сургалт хөтөлбөрийг Баянхонгор аймгийн ЗДТГ, ГБХЗХГ, ОУ-ын Улаанбаатар Их Сургуулийн Хүүхэд, нийгмийн ажлын тэнхимээс хамтран зохион байгууллаа. “Хүүхдийн хөгжил, Гэр бүлийн харилцаа, уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаан” сэдвээр 70 багшид, “Эцэг эх, хүүхдийн харилцаа” сэдвээр 70 эцэг эхэд тус тус сургалтыг заажээ.