1045
 
 

Улаанбаатарт бичил номын сан байршиж байна

Гаднын өндөр хөгжилтэй улс орнуудын цэцэрлэгт хүрээлэн, парк, гудамж талбайд нь нийтэд зориулсан жижиг номын сан буюу номын тавиурууд байдаг. Түүнийг хэн ч хянаагүй байхад иргэд нь номын сангаас авч уншаад, оронд нь өөрийнхөө уншсан номыг зөрүүлээд үлдээн явдаг соёлтой.

Харин манайд саяхныг хүртэл ийм нийтийн бичил номын сан байгаагүй юм. Харин хэсэг залуусын санаачилгаар 2019 оны Нэгдүгээр сараас хойш Номоо солилцъё төслийн хүрээнд “Бичил номын сан”-г дунд сургууль, их сургууль, дүүргийн эмнэлэг, ШШГEГ-ын 405-р анги зэрэг 27 газарт байршуулжээ. Түүнчлэн зарим хувийн байгууллагууд ч өөрийн сайн дураар бичил номын санг авч байршуулсан байна.

Бичил номын сан өөрийн гэсэн дүрэмтэй. Та уг номын сангаас нэг ном аваад нэг ном буцааж өгөөрэй.

Бичил номын сангийн зорилго нь хувь хүн, гэр бүл, байгууллага, хамт олонд ном унших дадал зуршил суулгах, өөрийнхөө уншсан номыг бусдад уншуулах, нийтээрээ номд хайртай байх, эерэг хандлагыг бий болгох ажээ.

“Сүүлд номын тавиураа очиж эргэхэд анх байршуулсан номууд маань цөөрчихсөн байсан. Мэдээж эхний ээлжид шинэлэг зүйл учраас арим хүн ном аваад, буцааж номоо тавихгүй, хүний нүднээс далд газар байгаа юм чинь гээд номыг авах хандлага гарч байгаа байх. Тиймээс бид ном бүртээ наалт нааж, таних тэмдэгтэй болгосон. Гэхдээ хэн ч тэр наалтыг хуулчхаж болно шүү дээ. Хамгийн гол нь хүмүүс бид сэтгэлгээ, хандлага хоёроо л өөрчлөх хэрэгтэй.” гэж төслийн зохицуулагч Ц.Пүрэвжаргал хэлсэн.

Энэ жилийн “Дэлхий номын өдөр”-ийг тохиолдуулан Төрийн ордонд бичил номын сан байршсан юм. Номын тавиур нь Төрийн ордны баруун, зүүн жигүүрт байрлах ба цаашид УИХ-ын зарим гишүүн уг ажлыг илүү өргөжүүлэх тал дээр дэмжин ажиллахаа илэрхийлжээ. Цаашид энэхүү номын сан Улаанбаатарын хэмжээд цар хүрээгээ тэлэх бөгөөд та өөрийн байгууллагадаа бичил номын сан тавиурыг байршуулахыг хүсвэл 80006824 дугаар руу холбогдох эсвэл [email protected] хаяг руу мэйл бичээрэй.