1045
 
 

ИЛ ЗАДГАЙ БОРЛУУЛЖ БУЙ ХҮНСНЭЭС ТАТГАЛЗААРАЙ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хоол  хүнсээр дамжих өвчний шалтгаанаар арван хүн тутмын нэг нь нас барж байна гэсэн тоо гарчээ. Дэлхий дахинд аюулгүй байдал нь алдагдсан хоол хүнсний хэрэглээний улмаас суулгалт өвчнөөр 550 сая хүн өвчилж 50 хувь нь нас бардаг ажээ. Өвчин үүсгэгч гол шалтгааныг эмгэг төрөгч нян, вирус, шимэгч болон химийн хороор бохирдсон хоол хүнс эзэлж байгаа юм. 2018 он гарсаар Монгол улсад хоолны хордлогот халдвараар олон хүн бүртгэгджээ. Эдгээр хордсон хүмүүс нь хоносон, буруу хадгалсан, дутуу боловсруулсан хоол хүнсийг хэрэглэсэнтэй холбоотой ажээ. Намрын энэ цагт жимс, ногоо хүнсний бүтээгдэхүүнийг гадуур ил задгай худалдаалж, иргэд шууд идэж хэрэглэх нь элбэг байдаг. Энэ талаар Нийслэлийн МХГ-ын хүнсний эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч Оюунбилэг  зөвлөж байна.
Гудамжинд ил задгай газар гар дээрээс  худалдаа хийхийг  зөвшөөрдөггүй. Голдуу жимс хүнсний ногоо, түргэн муудах бүтээгдэхүүн худалдаалж байна. Олон хүний хөлийн газар ямар ч эрүүл ахуйн шаардлага хангахгүй. Зарж байгаа хүмүүс нь ч эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангадаггүй. Энэ нь таны эрүүл мэндэд эрсдэл үүсгэнэ гэдгийг анхааруулж байна.
Иргэд хүнсний бүтээгдэхүүн худалдан авч хоол хүнсэндээ хэрэглэхдээ дараах зүйлийг анхаарах хэрэгтэй юм. Үүнд шууд хэрэглэх бэлэн хоол хүнсийг түүхий хүнстэй холихгүй байх, түүхий мах, далайн гаралтай хүнсийг чанаж, болгосон хүнсний зүйлсээс тусад нь хадгалах хэрэгтэй ажээ. Мөн түүхий мах, ногоо хэрчих тавиур, мод болон хутга зэргийг бусад хүнс бэлтгэхэд хэрэглэхгүй байхыг зөвлөж байна