1045
 
 

ХҮҮХДЭДЭЭ ЗӨВЛӨХИЙН ТУЛД БИШ ОЙЛГОХ ГЭЖ СОНСООРОЙ

Олон нийтийн сүлжээнд өсвөр насны хүүхдүүд тэр дундаа охид илүү их цаг зарцуулж байна гэх судалгаа бий. Сэтгэл судлалын www.psycom.net –д мэдээлснээр өсвөр насны таван охин тутмын хоёр нь өдөрт дор хаяж гурван цагийг цахим орчинд өнгөрөөж байгаа аж. Үүнээс болж тэд сэтгэл санаагаар унаж, цаашлаад сэтгэл гутралд орж байгааг судлаачид олж тогтоожээ.
Энэ нь ихэвчлэн бусадтай өөрийгөө харьцуулах, онлайн худалдаа, нойргүйдэл зэргээс шалтгаалдаг аж.  Тэгвэл өсвөр насны хүүхдийн насны онцлог хийгээд эцэг эхчүүд хэрхэн тэдэнд зөвөөр нөлөөлөх талаар “Гэр Бүл Анхаарлын Төвд” байгууллагын Сэтгэл зүйч Н.Рэнжмаа мэдээлэл өглөө.
“Өсвөр насны хүүхдийн насны онцлог нь бусдад өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх хүслээр илэрдэг. Тэр хэрэгцээг нь гэр бүл, найз нөхөд нь ямар нэг байдлаар хангаж өгөөгүйн улмаас хүүхдүүд цахим орчинд өөрийгөө бусдад батлах, сайхан зураг хийж бусдын анхаарлыг татах оролдлогыг хийж байгаа талтай. Мөн хүүхдийн сэтгэхүйд “адилтгал” гэх зүйл бий болдог. Жишээлбэл олны танил хүнийг хараад тэр хүнийг дуурайх, ямар нэгэн бүлэгт харьяалагдахын тулд бусдыг даган дуурайх, гадаад төрхөө өөрчлөх гэж хичээдэг. Хэдийгээр өөрийгөө олох гэж хайх нь буруу үйлдэл биш ч энэ дэлхий дээрх хүн бүр дахин давтагдашгүй “онцгой” гэдгийг хүүхдүүдэд багаас нь ойлгуулж, зааж сургах хэрэгтэй байна.” гэв.
Мөн тэрээр нэмж яг энэ үед нь эцэг эхчүүд тэдний сэтгэл зүйг ойлгож, сонсох нь хамгийн чухал. Хүүхдүүд сэтгэлээ уудлан гаргахдаа томчуудаас ямар нэг зөвлөгөө авах биш, харин өөрийг нь ойлгоосой л гэж хүсдэг. Ердөө л энэ. Тэднийг ойлгосноор, итгэлийг олно гэсэн.
Олон нийтийн сүлжээ нь харилцаа холбооны гол хэрэгсэл болоод байгаа ч хүүхдүүдэд дээр дурдсан сөрөг үр нөлөөнүүдийг үзүүлсээр байгааг анзааралгүй өнгөрч болохгүй. Учир нь тэд аливаа мэдээллийг ямар ч шүүлтүүргүй авч, итгэдэг тул харж, сонсож буй зүйлдээ шууд итгэдэг.
Тиймээс эцэг эхчүүд онцгойлон өсвөр насны охид төдийгүй хөвгүүдтэйгээ цаг гарган ярилцаж, тэдэнтэй илүү ойр дотно харилцаа үүсгэх хэрэгтэй. Мөн хүүхдийн үнэ цэнийг багаас нь мэдрүүлбэл сэтгэл гутралд орох магадлал нь бага юм.