1045
 
 

ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР

АНУ-ын алдарт сэтгүүлч Walter Cronkite “Хэвлэлийн эрх чөлөө нь зөвхөн ардчиллын чухал хэсэг биш, өөрөө ардчилал юм.” хэмээсэн байдаг. Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг нэн чухал. Сэтгүүлчид нийгмийн дуу хоолой, төр болон ард түмний гүүр, дөрөв дэх засаглал гэж ярьдаг.
Өнөөдөр Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр жил бүрийн Тавдугаар сарын 3-ны өдөр болдог. Энэ өдрийг анх ЮНЕСКО-гоос санал дэвшүүлснээр НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 оноос жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр" болгон тунхагласан байдаг.
Олон улсын сэтгүүлчдийн холбооны  судалгаагаар 2018 онд 90 гаруй сэтгүүлч амь насаа алдсан гэв. Энэ тоо нь өнгөрсөн оны 82-оос нэмэгдсэн ажээ. Дэлхийн олон оронд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийнхээ төлөө явахдаа энэ мэтээр амь насаа алдах үзэгдэл гарсаар байгаа нь харамсалтай.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн зорилго нь хэвлэлийн суурь зарчмыг тунхаглах, тэдний хараат бус байдал дээр ирэх дайралтаас хамгаалах, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлэх юм.
Энэ жил "Хэвлэл мэдээлэл ардчиллын төлөө: Хуурамч мэдээллийн үе дэх сэтгүүл зүй ба сонгууль" сэдвийн дор дэлхийн даяар тэмдэглэж байна. Ялангуяа олон нийтийн сүлжээнд үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл ихээр цацагдах болсон, сонгууль дөхөж буй энэ үед хуурамч мэдээллийг таньж, мэдээллийг шалгах нь сэтгүүлч төдийгүй уншигчдад ч гэсэн хамаатай асуудал болохыг онцолжээ. 
2019 оны үзүүлэлтээр Монгол улсын хэвлэлийн эрх чөлөөгөөрөө дэлхийн 180 орноос 70-дугаар байранд орсон бол, Хятад 177, ОХУ 149-дүгээрт жагсжээ. Монгол улсын хувьд 2015 онд Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдсан. Уг зөвлөл нь хэвлэлийн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх байгууллага юм. Мөн иргэдээс сэтгүүл зүйн бүтээлийн ёс зүйтэй холбоотой гомдлыг өргөдөл бичгийн хэлбэрээр хүлээн авч, шийдвэрлэх ажлыг гүйцэтгэдэг.
Үнэн, худлын хооронд маш нарийхан шугам бий. Ялгааг нь мэддэг байгаарай. Үргэлж мэдээ мэдээллээ найдвартай эх сурвалжаар баталгаажуулж, дүн шинжилгээ хийдэг байхыг хүсье!

1045