1045
 
 

ХАЛААСНЫ ҮНСНИЙ САВ ХЭРЭГЛЭЕ!

“Mild Cosmetics”-ийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд "Тамхины ишгүй Улаанбаатар" аяныг санаачилжээ. Хэрэв та тамхи татдаг бол уг аянд нэгдэх хэрэгтэй. Яагаад гэвэл хотын соёл үүнээс л эхэлнэ.
Маркетингийн менежер Б.Цогбадрах аяны гол зорилгын талаар хэлэхдээ “Хүмүүсийн хаясан тамхины ишнээс болж ой хээрийн гал түймэр гардаг. Мөн гудамж талбай, нийтийн автобусны буудал дээрх ил задгай хогийн ихэнх нь тамхины иш байдгийг бид бүхэн мэднэ. Мэдээж бид хүмүүсийг тамхи татахыг нь болиулж чадахгүй. Гэхдээ тамхинаас гарах хог хаягдлыг нь бууруулж чадна. Тиймээс бид тэдгээр хогийг багасгах зорилгоор Япончуудын хэрэглэж заншсан халаасны үнсний савыг хүмүүст сурталчилж байгаа юм. Уг сав нь үзэмж сайтай, халаасандаа хийж авч явдаг тул халахгүй бас муухай үнэр нэвтрүүлэхгүй. Бид саваа тодорхой тоогоор үнэгүй тарааж хүмүүст эерэг хандлага бий болгохоор зорин ажиллаж байна. Гадаадын орнуудад тамхитай нь хамт зарагддаг юм байна лээ.” гэлээ.
Сайн жишээ: Японд ч гэсэн олон жилийн өмнө яг ийм асуудал тулгарч байжээ. Хүн ам ихтэй, жижигхэн газар нутагтай тул тамхины ишний хог хаягдал хэрээс хэтэрч, метронд хүртэл овоорч эхэлсэн нь жинхэнэ асуудал болж байв. Тийнхүү улс даяар үүний эсрэг аян өрнөж, халаасны үнсний сав хэрэглэх санаачилга гарснаар тэрхүү хогоос салж чаджээ.
Манайд 2018 онд 71 удаагийн ой хээрийн галт түймэр гарч 570 мянган га орчим газар шатсан. Дийлэнх хувь нь тамхины ишнээс болсон байх магадлалтай. Түүнчлэн тамхины ишинд никитон, хар тугалга зэрэг хүнд металл агуулагддаг тул газрын хөрсөнд шингэдэггүй, байгальд хортой нөлөө үзүүлдэг байна.
Манай орны хувьд нэг өдөрт долоон сая ширхэг тамхины ишний хог, жилд 2550 тн тамхины ишний хог хаягдал гарчээ. Монгол улсад 1995 онд 49 сая ширхэг тамхи импортоор орж ирж байсан бол 2018 онд 2,5 тэрбум гаруй болж нэмэгджээ. Нэг ширхэг тамхины ишийг нэг грамм гэж үзвэл бид жилдээ 2.550 тн тамхины ишний хог хаягдал гаргаж байна гэсэн үг.
Тиймээс Улаанбаатар хотдоо хайртай хэн бүхэн тамхины ишээ хаа хамаагүй битгий хаяарай. Ядаж л ийм халаасны үнсний савтай болоорой.