1045
 
 

ТАМХИНЫ ЭСРЭГ ХУУЛЬ СУЛ БАЙНА

Тамхи татдаг хүмүүсийн бараг 80 хувь нь бага дунд орлоготой орнуудад амьдарч байгаагаас харахад тэдгээр оронд тамхины үнэ бага байна. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар тамхины өөрийн жижиглэнгийн үнийг 70 хувь нэмэгдүүлэн борлуулахад тамхины хэрэглээ буурах боломжтой гэж үзсэн. Гэтэл манай улсад уг стандарт 33 хувьтай байгаа нь нэг талаараа тамхи татахыг тэтгээд байгаа юм шиг дүр зураг ажиглагдаж байна. Дээр нь 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдаалж байгаа нь энэ талын хууль, түүний хэрэгжилт ямар сул байгааг илхэн харуулна.


ДЭМБ-аас 2009 онд гаргасан судалгаанаас үзвэл дөрвөн Монгол хүний нэг нь тамхи татдаг бөгөөд тамхины хэрэглээгээрээ 41-т жагсчээ. Харин 2019 онд Монгол улс дэлхий нийт орноос эхний 20-т жагсаж байна. Өөрөөр хэлбэл жилээс жилд байр урагшилсаар иржээ. 


Түүнчлэн тамхи гэр бүлийн гишүүдэд сөргөөр нөлөөлж байна. Энэ талаар НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих өвчнөөс урьдчилан сэргийлэх албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Майцэцэг хэлэхдээ “Тамхи татдаг хүмүүсийн 40 хувь гэр бүлийн орчинд тамхи татдаг. Үүний гэмгүй хохирогчид нь тамхи татдаггүй хүмүүс, тэр дундаа хүүхдүүд юм. Тиймээс өөрийн болоод бусдын эрүүл мэндийг хохироохгүйн тулд та яг одооноос тамхинаас татгалзах хэрэгтэй. Тамхинд 7000 гаруй  химийн нэгдэл агуулдгаас 70 гаруй нь хорт хавдар үүсгэх эрсдэлтэй байдгийг бид бүхэн мэднэ. Хэрэв та өөрөө тамхинаас гарч чадахгүй байвал мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай” хэмээлээ.
 

Энэ асуудал нь дан ганц хувь хүн эсвэл нэг байгууллагынх биш харин шийдвэр гаргах түвшний хүмүүсийн хүрээнд яригдах ёстой сэдэв юм.  Жишээ нь 1990-ээд оны үед Исланд улсад залуучуудын дунд хорт зуршлын хэмжээ маш өндөр байсан ч 10 жилийн турш далайцтай арга хэмжээ авснаар архины хэрэглээ 40 орчим хувь, тамхины хэрэглээг 23 хувиар буруулж чаджээ. Тэд хорт зуршлаас сэргийлэх болон урлаг, спортын сургалтыг ахлах, дунд ангийн хүүхдүүдийн хичээлийн хөтөлбөрт оруулж, түүнийг нь төсвөөс санхүүжүүлжээ.