1045
 
 

ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД ИРГЭДИЙГ ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ ГАРСААР БАЙНА

Залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Цагдаагийн байгууллагаас арга хэмжээ зохион байгуулж байна. Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн гурван жил өссөн үзүүлэлттэй гарчээ. 
Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, Цагдаагийн Ахмад А.Солонгын хэлснээр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн залилангийн гэмт хэргийг судалж үзэхэд, иргэд олон нийтийн сүлжээнд бусдад хууртах, бодит байдлыг нууж, төөрөгдүүлэх, олон шатлалын маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргад ихээр автдаг аж. Тодруулбал, гадаадын виз гаргаж өгнө, иргэдийн мэйл хаяг болон фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч тэдний ойр дотнын хүмүүс болон ах дүү нараас нь “Мөнгөн тусламж үзүүлээч” гэх тохиолдол гардаг. Түүнчлэн нийгэмд ихээр тархах болсон пирамид тогтолцоо бүхий бараа бүтээгдэхүүнээр өнгөлөн далдлагдсан сүлжээний бизнест иргэд их хэмжээний мөнгө төлж, доороо хүн элсүүлэх зарчмаар богино хугацаанд хэд дахин өсгөж авна гэсэн мэдээлэлд итгэж залилуулах тохиолдол гардаг хэмээсэн. 
Иймд иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлж эрхзүйн мэдлэг мэдээллийг сайжруулж, залилах гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг Дүүргийн Цагдаагийн хэлтсээс анхаарууллаа.