1045
 
 

ДУУЧИН A COOL “ИТГЭЛ ХАЙРАНД” САЙН ҮЙЛСИЙН АЯНД ОРОЛЦОХЫГ УРИАЛЛАА

Б.Анхбаяр буюу дуучин A Cool  2012 оноос хойш хүүхдийн элч дуучнаар тодорч хүүхэд рүү чиглэсэн олон сайн үйлсийн аянд гар бие оролцож, хүүхдийн төлөө өөрийн дуу хоолойгоо хүргэсээр иржээ. Тэрээр аавынхаа нэрээр нэрлэсэн “Баттулга” хэмээх хандивын сан хүртэл үүсгэн байгуулан, түүнийгээ өдийг хүртэл удирдан авч яваа аж. 
Хорт хавдартай хүүхдүүдийн дийлэнх нь гаднын орон руу явж өндөр үнэр эмчлүүлэх шаардлагатай байдаг билээ. Мөн улсаас ямар нэгэн тусгайлсан төсөв юм уу дэмжлэг байдаггүй тул хувь хүн өөрөө зардлаа даах хэрэг гардаг. Гэхдээ амьдралын ямар ч боломжгүй иргэдийн хувьд асар өндөр үнээр эмчилгээ хийлгэнэ гэдэг боломжгүй зүйл юм.
A Cool хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан сайн үйлсийн аяны талаар хэлэхдээ “2018 онд 108 хүүхэд хорт хавдар туссанаас 52 хүүхэд нь нас барсан. Тэр хүүхдүүдэд аврагдах боломжтой байсан уу гэвэл байсан байх. Харамсалтай нь манай улсын эмнэлгийн хүчин чадал тааруу, айл өрхийн санхүүгийн хүндрэл зэрэг маш олон шалтгааны улмаас хорт хавдартай хүүхдүүд амь насаа алдахад хүрдэг. Яг үүнээс үндэслээд би Халдвар Судлалын Үндэсний Хүрээлэнгийн докторт санал тавиад тэдэнд хүүхдүүдэд туслах үндэсний аянг өрнүүлэхээр болсон.” гэлээ.
Энэхүү аян ирэх сарын 8 хүртэл үргэлжилнэ. Эхний ээлжид дөрвөн хүүхдийг гадагшаа эмчлүүлэхээр болсон ба Халдвар Судлалын Үндэсний Хүрээлэн холбогдох байгууллагуудтай хамтарч, хүүхдүүдийн оношийг үнэн зөв тогтоож, олон улсын эмнэлгүүдтэй холбох юм.
Түүнчлэн хандивын тодорхой хэмжээний мөнгөөр халдварын эмнэлгийн туяа эмчилгээний тасгийг тохижуулах зорилготой. Ингэснээр маш олон хүүхдэд хорт хавдрын дараах эмчилгээг үзүүлэх боломжтой ажээ.
Итгэл хайранд хандив өгөхийг хүсвэл Хаан банкны 511 222 6324 данс нээлттэй.