1045
 
 

ИРГЭН БҮР НЭГ МОД ТАРЬЖ ТҮҮНИЙГЭЭ АРЧИЛЖ УРГУУЛЪЯ

Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн үйл ажиллагааг Мөрөн хотод 5 сарын 11-нд зохион байгуулна.  Тиймд ААН байгууллага, иргэд та бүхнийг мод тарьж үр хүүхдэдээ ногоон ирээдүйг өвлүүлж үлдээхийг уриалж байна.  
Мод тарих өдрийн тухай Мөрөн сумын тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Батмөнх хэлэхдээ
“Энэ жил Мөрөн сумын нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн талбайд ААН, Байгууллагууд хуваарилагдсан газрын дагуу мод тарина. Мөн иргэд мод тарих суулгацыг худалдаж авч өөрийн хашаа болон нийтийн эзэмшлийн талбайд мод тарихыг уриалж байна. Үр хүүхдэдээ цэвэр цэмцгэр ногоон, шороогүй хотыг бий болгоход хамгийн гол зүйл бол мод тарих үйл ажиллагаа байдаг. Мөрөн хот 40 гаруй гаруй мянган айл жил нэг мод тарихад Мөрөн хотын ногоон байгууламж тэр хэмжээгээр нэмэгдэнэ.” гэв.
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг
МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР ЗАРЛАХ ТУХАЙ
Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 1, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1. Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласугай.
2. Мод тарих үндэсний өдөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хандивлагч нарт уриалсугай.