1045
 
 

НЭГ СУРАГЧ –НЭГ МОД ТАРЬЯ

2018 онд хийсэн цөлжилтийн судалгаагаар Баянхонгор аймгийн нийт газар нутгийн 43 хувь нь цөлжилттэй гэсэн судалгааны дүн гарсан.  
Мод тарих нь элсний нүүдлийг багасгаж, агаарыг цэвэршүүлдэг. Жил бүрийн Тав, Аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгосон. 
 Баянхонгор аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас Монгол  улсын ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд энэ амралтын өдөр буюу энэ сарын 11-ны өдөр бүх нийтээр мод тарих юм. Энэ үеэр Баянхонгор аймгийн Сум дундын ойн анги, хувиараа аж ахуй эрхлэх “Дэлгэрэх нөхөрлөл”, “Хонгорын  шугуй” зэрэг газрууд хамтран тарьц суулгацын үзэсгэлэнг зохион байгуулах юм. Мод тарих энэ ажилд бүх нийтийг хамруулах зорьж байна.
 Энэ талаар Баянхонгор аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн О.Байгальмаа “Энэ жил иргэн бүр есөн ширхэг мод тарина гэж төлөвлөсөн. ААН байгууллагууд өөрсдийн хуваарьт талбайдаа ажиллаж, өмнө жил тариалсан модны ургалт ямар байгааг харж, арчилж тордож , хашаа хамгаалалтыг сайжруулан ажиллана. Хэдэн жилийн дараагаас энэ ажлын маань үр дүн гарч элсний нүүдлийг зогсоох  ойн зурвастай болно гэж үзэж байна.” гэв. 
Хүн бүр байгалиа нөхөн сэргээж, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр бүх нийтээр тарих энэ ажилд идэвхтэй оролцохыг Байгаль орчин аялал жуулчлалын газраас уриаллаа.