1045
 
 

АЛТАН ХАЛЬС ОУ-ЫН КИНО НААДМЫН УРАЛДААНТ ХЭСЭГТ 38 БҮТЭЭЛ ШАЛГАРЛАА

Монголын кино институтээс долоо дахь удаагаа зохион байгуулж буй “Алтан хальс” олон улсын кино наадмын уралдаант хэсэгт шалгарсан бүтээлүүд тодорлоо. Энэ жилийн Алтан хальс олон улсын кино наадмын уралдаант хэсэгт 38 богино хэмжээний кино бүтээл шалгарлаа.
Уралдаант хэсэгт Монголын болон Олон улсын нийт 64 орны 480 кино хүлээн авсан. Монгол уралдаант хэсэгт 31 бүтээл бүртгүүлснээс хүүрнэлт, эксперименталь төрлийн кино давамгайлж байв.
Монгол уралдаант хэсэгт 31 бүтээлээс 19 кино шалгарсан юм. Мөн энэ хэсэгт уг кино наадамд 2013 оноос хойш бүтээлээ ирүүлсэн 10 уран бүтээлчээс гадна шинээр есөн уран бүтээлч бүтээлээрээ шалгарсан нь онцлог боллоо.
Харин Олон улсын уралдаант хэсэгт 449 бүтээлээс 19 бүтээл шалгарсан. Улс орноор нь авч үзвэл 88 бүтээл бүртгүүлснээрээ АНУ тэргүүлж байна. Олон улсын уралдаант хэсэгт Америкийн дөрөв, Швейцарын гурав, Германы хоёр, Францын мөн адил хоёр бүтээл шалгарснаас гадна Австри, Бельги, БНХАУ, ОХУ, Япон зэрэг улсын бүтээлүүд шалгарсныг дуулгая.
Энэ удаад Монголын баримтат богино кино төрөлд нэг л бүтээл уралдаант хэсэгт шалгарсан тул шилдэг Монгол баримтат киноны шагнал олгогдохгүй ажээ. Гэсэн ч шалгарсан “Отор” хэмээх баримтат кино нь Жигжидсүрэнгийн нэрэмжит дээд шагналын төлөө өрсөлдөж буй юм.
Алтан хальс олон улсын кино наадам 2019 6-р сарын 4-8-нд “iCinema” кино театрт зохион байгуулагдана.

Наадмын талаар дэлгэрэнгүй мэдээллийг наадмын захирал Ш.Ихбаяр (99050750, [email protected]), наадмын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Энхмаа (91773300, [email protected]) нартай холбогдон авна уу.

www.mfi.mn
https://www.facebook.com/AKIFFest/
https://www.facebook.com/events/413243912583198/
https://www.instagram.com/mfifest/