1045
 
 

“ОЛОН ЯСТНЫ УГТАХ ҮҮД” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

1045

Өөдлөх айл үүднээсээ гэсэн ардын сайхан үг байдаг. Ховд аймгийг зорин ирэгсэд Бичигтийн хөтлийг даван манай аймагт орж ирдэг. Энэхүү үүд хаалга болсон газрыг модот төгөлтэй болгох санаачилга өмнө нь ч гарч байжээ. Гэвч хоёр зуун ерэн сая төгрөгийг зарцуулаад үр дүнд хүрч чадаагүй юм байна. Харин “Түмэн модот хаалга” төрийн бус байгууллагыг санаачлан байгуулсан хүмүүс олон түмний дэмжлэгээр энэ ажлыг гүйцэлдүүлэх болно гэсэн чин эрмэлзэлтэй байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн баруун бүс хариуцсан захирал, “Түмэн модот хаалга” төрийн бус байгууллагыг санаачлагч Байгалмаагаас энэ талаар тодрууллаа.
“Ховд хотын үүд хаалга болсон Бичигтийн хөтөл даваад ирэхэд биднийг юу угтдаг билээ. Хогийн цэгээс хийссэн гялгар уут баахан хадаг яндар болсон овоо л угтдаг. Энэ байдлыг өөрчлөх гэж Ховдын төрийн байгууллагууд нэлээд ажилласан ч бүтэмжтэй болоогүй. Харин бид ард иргэдийн санаачилга сайн дурын үндсэн дээр энэ ажлыг хийхийг зорьж байна. Яагаад энэ ажил бүтэмжгүй болоод байгаагийн шалтгаан нь модоо услах арчлах тал дээр асуудлыг шийдэж чадахгүй байгаад юм.
Тус газрын маань даац нөөц нь арван мянган мод тарих боломжтой гэж бид харж байна. Замын хоёр талаар мод тарина гээд бодоход нийт долоон километр газар болж байгаа юм. Энэ төсөлд ард иргэд идэвхтэй оролцоосой. Олон ястны үүд нэртэй энэ төслийг дэмжээсэй хөдөлмөрөөрөө зориулалтаараа оролцоосой гэж хүсэж байна.”
“Төслийг санаачлан эхлүүлж байгаагийн хувьд “Эх дэлхийн төгөл” нэртэйгээр эхний хоёр километр газарт энэ хавар улиас бургас тарина. Цаашид ястан бүрээр нэрлэгдсэн төглүүд бий болно. Ингээд гурван жилийн хугацаанд нийт найман га газарт 10000 мод ургуулах зорилготой байгаа ажээ. Сайныг үйлдэхдээ зүрхшээхгүй байцгаая тэгвэл цаг нь болоход хурааж авна.