1045
 
 

ДАРХАН ШИНЭ ТӨРӨХ ЭМНЭЛЭГТЭЙ БОЛЛОО

Дархан хотын ирээдүйн иргэдийг угтан авах шинэ төрөх эмнэлэг энэ сарын 10-ны өдөр нээлтээ хийлээ. Дархан аймагт жилд дунджаар 2400 гаруй эх амарждаг. Одоо ажиллаж буй Нэгдсэн эмнэлгийн амаржих тасаг нь ачаалал өндөртэй байдаг. Тус эмнэлэг нь 1972 онд байгуулагдсан түүхтэй. Шинэ барилгыг Улсын төсвийн гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “ЖиЖиАя” ХХК барьж гүйцэтгэн хүлээлгэн өгчээ.
 Энэ талаар Дархан Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Эрдэнэтулга хэлэхдээ “Бид орчин үеийн стандартад нийцсэн шинэ төрөх эмнэлэгтэй болсонд баяртай байна. Энэхүү төрөх эмнэлэг олон хүний сэтгэлийн дэмээр  баригдсан. Ийм хэмжээний барилгад их хэмжээний мөнгө шаардагддаг.Ихэнх тоног төхөөрөмжүүд улсын төсөвт суугдаагүй байсан. Харин Дархан Уул аймгийн дөрвөн сум нийлээд амрах 40 ор, төрөх орыг хандивласан. “Кико” олон улсын байгууллага 104 сая төгрөгөөр нярайн тусламж үйлчилгээнд үзүүлэх тоног төхөөрөмж, “Гүүд Нейборс Монгол” ОУБ 34 сая төгрөгөөр хагалгааны хэсэгт зориулагдсан тоног төхөөрөмж хандивласан. Одоогоор тоног төхөөрөмж 80 хувийн бүрдэлтэй байна. Бидэнд дахин нэг тулгамдаж байгаа төхөөрөмж бол нярайн хүчилтөрөгчийн нэгдсэн систем юм. Хүчилтөрөгчгүйгээр хагалгаа хийгдэх боломжгүй. Аймаг сумдын удирдлагууд энэ тал дээр шийдвэрлэх арга замыг хайн ажиллаж байна.” гэлээ. 
Ийнхүү Дархан Уул аймагт гурван давхар будаг нь ханхалсан шинэ төрөх эмнэлэг үүд хаалгаа нээлээ. Монголын үрс маш олон болтугай.