1045
 
 

ЕБС-ЫН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД МЭРГЭЖЛЭЭ СОНГОХОД НЬ ТУСАЛЛАА

Багануур Дүүргийн ГБХЗХХ-н дэргэдэх  Залуучуудын хөгжлийн төвөөс ЕБС-иудын ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, сонгосон ажил, мэргэжлийн онцлогийг судалж танин мэдэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?” танилцах аяллыг зохион байгууллаа. Тус арга хэмжээний талаар Залуучуудын хөгжлийн төвийн Залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Наранцэцэг ийнхүү мэдээлж байна.
“Ирээдүйн эзэд” мэргэжил сонголт аян орон даяар явагдаж байна. Энэ аяны хүрээнд дүүргийн ГБХЗХХ-ээс “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?” аяныг ЕБС-ын ахлах ангийн сурагчдыг ажил мэргэжлийн онцлог болон үйл ажиллагаатай танилцуулах аяллыг зохион байгууллаа. Төрийн болон ААН-ийн нийт найман байгууллагаар дөрвөн удаа аялуулахаар төлөвлөсөн.
Тус аялал арга хэмжээнд 9-12 дугаар ангийн 150 орчим сурагчид хамрагдсан юм. Энэхүү аяллын талаар сурагчид ийнхүү ярьж байна.
“Аравдугаар ангид ороод хуульч болох сонирхолтой болсон. Би хуульч болох сонирхолтой учраас Шүүхийн байгууллага дээр очиж ажил, мэргэжилтэй танилцсан. Шүүхийн сургалтад суугаад хэрэгтэй мэдээлэл авлаа.”
“Харин миний хувьд IT инженер мэргэжлээр суралцахыг хүсдэг. Мэргэжил сонголтын хичээлдээ онолын хичээлээр ажил мэргэжлийн онцлог болон давуу талыг үздэг байсан. Гэхдээ онолын хичээлээс гадна бодит байдлыг үзэж мэдээд авах нь илүү сонирхолтой байлаа. Зарим алба хаагчид өөрсдийнхөө ажлыг биеэрээ хийж үзүүлэх нь илүү үр дүнтэй байсан.”
Өөрийн хүсэл сонирхолдоо тулгуурлан мэргэжлээ сонгож чадаагүй залуус сургуулиа орхих, мэргэжлээ бүрэн эзэмшиж чадахгүй байх зэрэг хүндрэлтэй тулгардаг. Тиймээс ахлах ангийн сурагчдыг сэтгэлийн хөөрлөөр бус би хэн бэ, юу хүсэж, мөрөөдөж, сонирхдог вэ гэдэгтээ тулгуурлан сонголтоо хийхэд энэхүү аяны зорилго оршиж байгаа юм.