1045
 
 

БАЯРТАЙ СУРГУУЛЬ МИНЬ, САЙН УУ АМЬДРАЛ МИНЬ!

“Өөр өөртөө баяр хүргэх нь хонхны баярын утга учир гэж би боддог. Заавал ууж идэж, наргиж цэнгэх албагүй шүү дээ. Миний хувьд их сургуульд орж байхад сургалтын төлбөрийн асуудалтай нүүр тулж байсан ч эцэст нь дипломоо гардан аваад, сургуулиа төгсөх үед нэг том зүйлийн ард гарсандаа өөртөө баярлаж, урам зориг орсон.” гэж энэ жил Отгонтэнгэр их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж буй Б.Отгонзаяа хэллээ.
Түүний хувьд сургуулиа төгсөж, ажил мэргэжилтэй болж байгаадаа сэтгэл хангалуун явна. Учир нь өнгөрсөн жилүүд Б.Отгонзаяад хүнд мэргэжил боловсрол ямар их хэрэгтэй вэ гэдгийг ойлгуулсан тул цаашид мэргэжлийнхээ үнэ цэнийг бусдад харуулан амьдрахыг зорьж яваа…
Оюутан сурагчдын төгсөлтийн баяр эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн цагдаагийн газар болон БСШУСЯ-наас залууст хандан мэдээлэл хийсэн билээ. Нийслэлийн цагдаагийн газар "2018 онд хонхны баяраар 5 сарын 1-нээс 6 сарын 15-ны хооронд эрдмийн баяр болсон. Энэ хугацаанд 2957 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 151 оюутан гэмт хэргийн хохирогч болсон. Хонхны баярын үеэр архидан согтуурснаас хулгайд эд зүйлээ алдах, бие биеийнхээ эрх чөлөөнд халдах зэргээр хохирогч болсон.” хэмээн мэдээлсэн юм.
Ихэвчлэн анги хамт олноороо архидан согтуурах, зөвшөөрөлгүйгээр зугаалгаар явснаас болж хулгай, залилах хэргийн хохирогч болсон тохиолдол бүртгэгдсэн аж. Мөн БСШУСЯ-ны мэргэжилтэн "Төгсөлтийн баярыг тэмдэглэж, аялал зугаалгаар явахыг хориглосон. Төгсөлтийн баярыг сурсан мэдсэнээ тайлагнах эрдмийн баяр болгон тэмдэглэх юм" гэв. Ийнхүү оюутан сурагчдыг төгсөлтийн баяр тэмдэглэж, амралт зугаалгаар явахыг хоригложээ.
Тиймээс төгсөх ангийн оюутан сурагчид эрдмийн баяр болон мөнгөн хонхны баяраараа сурч мэдсэнээ бусдад тайлагнаж, өөртөө болон тусалж дэмжсэн гэр бүл, ачит багш нартаа баяр хүргэж “оюунлаг” байдлаар тэмдэглэн өнгөрүүлээрэй.