1045
 
 

ХҮҮХДИЙН БАЯРААР ХҮҮХДЭДЭЭ ЧИХЭР БИШ НОМ БЭЛЭГЛЭЭРЭЙ

Хүүхдийн баярыг угтан Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит "Улаанбаатар хотын нийтийн төв номын сан"-гаас эцэг эх, хүүхдүүдэд зориулж "Бяцхан хайгуулчид" номын өдөрлөг, зохиолчийн гарын үсэгтэй хямдралтай номын худалдааг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Нацагдоржийн төв номын сангийн харъя Горькийн нэрэмжит салбар номын сангийн эрхлэгч Б.Санжаасүрэн хэлэхдээ “Та бүхэн манай өдөрлөгт ирээд зөвхөн ном худалдан аваад зогсохгүй ном уншихтай холбоотой зөвлөгөө авч болно. Тухайн хүүхдийн нас, сонирхол, онцлогт тааруулан ямар ном уншвал тохиромжтой талаар жагсаалт гаргасан. Зарим эцэг эх хүүхдэдээ ном авч өгөөд л унш гээд орхидог. Гэхдээ эцэг эхчүүд өөрсдөө хүүхэдтэйгээ хамт орой бүр ном уншиж, ном унших дадал зуршил бий болгох хэрэгтэй. ” гэсэн.
Номын баяр 2019.05.31-ний 10:00-18:00 цагийн хооронд "Улаанбаатар хотын номын сан"-гийн гадна талбайд болно. Өдөрлөгт хүүхдийн зохиолч Д.Давааням, Н.Мандал, О.Сундуй, Ш.Энхбаяр, Д.Далхжав, З.Ядмаа Э.Амарзаяа болон зохиолч Б.Шүүдэрцэцэг нар зочноор ирэх ажээ.