1045
 
 

Алтан хальс ОУ-ын кино наадам “Өндөг” киногоор нээлтээ хийлээ

“Алтан хальс” олон улсын кино наадам Улаанбаатар хотноо 7 дахь жилдээ зохиогдож байна. Өнгөрсөн хугацаанд уг наадам нь кино урлагийн гайхамшгийг сэтгэл зүрхэндээ мэдэрч, хүн төрөлхтний ойртон нягтрах үйлсэд өөрсдийн дуу хоолойгоо өргөх эрхэм зорилго өвөрлөсөн залуу уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг уулзалт болж чадсанд би гүн талархалтай явдаг.” хэмээн Монголын кино институтийн тэргүүн, Монгол Улсын ардын жүжигчин, кино найруулагч, зохиолч Г.Жигжидсүрэн наадмыг мялаан үг хэлсэн билээ.

Наадмын нээлтийн ёслолын арга хэмжээнд наадмын хүндэт зочид болох Хятадын зургадугаар үеийн найруулагчдын томоохон төлөөлөгч Ван Чюанань, Сингапур кино найруулагч Ү Жүнь Фень, Польшийн кино зураглаачдын нийгэмлэгийн гишүүн Артур Журавски нар хүрэлцэн ирсэн.

Кино театрын үзвэрийн хоёр танхим дүүрэн үзэгчдийн дунд жил бүр нээлтээр сайн кино гардаг даа гээд зорьж ирсэн залуус их байлаа. “Өндөг” (2019) кино нь “Туяагийн хурим” киногоор Берлиний кино наадмын дээд шагнал болох Алтан баавгай хүртэж байсан Хятадын найруулагч Ван Чюананий сүүлд туурвисан бүтээл юм. Мөн энэ киног бүтээхэд жүжигчин Д.Бямбацогт туслах найруулагчаар ажиллаж, Монголын уран бүтээлчид чухал үүрэг гүйцэтгэжээ.

Вангийн хувьд ихэвчлэн Хятадын хөдөө тосгоны амьдралыг өөрийн бүтээлдээ тусгадаг. Энэ удаад монгол ахуй, ардын хөгжим, соёл сэтгэлгээ, хөдөөгийн амьдралыг гаднын нүдээр ажиглан, өөр өнцгөөс нээн харуулсан нь сонирхол татахуйц байсан.

“Өндөг” киноны найруулагч өөрийн биеэр Монголд ирж үзэгчидтэй уулзсан хэрэг нь энэ наадмын онцлох хэсэг гэдгийг зохион байгуулагчид хэлж байв. Тэрбээр өнөөдөр буюу 6-р сарын 5-ны өдөр 14 цагт мастер класс буюу сургалтаа нээлт болсон газар үнэ төлбөргүй явуулна.

Мөн энэ жилийн наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд олон улсын зочдоос гадна зохиолч, сэтгүүлч, кино найруулагч Д.Төрмөнх, Уран бүтээлч, аниматор Б.Ундрам, кино продюсер бөгөөд Монгол Фильмс Дистрибюшин компанийг үүсгэн байгуулагч .Цогтбаяр нар ажиллаж байна. шүүгчид өнөөдрөөс эхлэн наадмын уралдаант хэсгийн бүтээлүүдтэй танилцаж эхэлнэ. Харин үзэгч та 6-р сарын 8-ны өдрийг дуустал 10 гаруй бүрэн хэмжээний киног “iCinema” кино театрт ирж үзэж, оюун мэлмийгээ баясгаарай.