1045
 
 

ЭРДЭНЭТ ДӨРВӨН ЭГНЭЭ БҮХИЙ ШИНЭ ЗАМТАЙ БОЛНО

Сүүлийн жилүүдэд манай аймагт хүн амын суурьшил, автомашины тоо болон дайран өнгөрч буй тээврийн хэрэгсэл нэмэгдэхийн хэрээр хотын өндөр ачаалал авдаг замын хэсгүүдэд түгжрэл үүсэх, нэвтрүүлэх чадвар муудаж байгаа зэргийг харгалзан үзэж энэ онд хэд хэдэн авто зам, уулзваруудыг өргөтгөх, шинэчлэх ажил улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсээр байна. 
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Зам тээврийн хөгжлийн яамны захиалгаар Эрдэнэт хотыг дайран өнгөрдөг улсын чанартай А1001 замын гүйцэтгэлийн ажил хийгдсээр байна. Дөмөг захын уулзвараас 6-р хороолол хүртэлх 2.1 км авто замын өргөтгөлийн ажил 30 хувьтай үргэлжилж байна.
Харин одоо  энэ талаар  “Жавхлан харгуй” компанийн ерөнхий инженер Ч.Батдорж хэлэхдээ “Энэ жил улсын төсвөөс 40 хувийн санхүүжилт тавигдсан. Санхүүжилтийн хүрээнд газар доогуур таван байршилд ус зайлуулах хоолой тавигдана. Үүний гурав нь хуучин хоолойг 12м урттай болгон сунгаж хоёр байршилд 14 метрийн урт нэг дугуй хоолой, нэг дөрвөлжин хоолой шинээр тавигдсан.  Нийт замын хувьд ажлын гүйцэтгэл 30 хувьтай явагдаж байна.” гэлээ.
Дөрвөн эгнээ асфальтан хучилттай, доогуураа явган хүний нүхэн гарцтай, ус зайлуулах таван байршилд  далантай 2.1 км урттай зам юм. Замын хоёр хэсэг дээр аркан дулааны шугам хоолой байсан түүнийг газар доогуур явуулсан байна. Гэрээний дагуу ирэх жилийн 10-р сар хүртэл хучилт, гэрэлтүүлгийн ажил хийгдэнэ.