1045
 
 

СУРГУУЛЬДАА ЭРГЭН ОРЛОО

2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 38,232 хүүхэд элсэх төлөвтэй байна хэмээн мэдээлсэн. 
Нийслэлийн ерөнхий боловсролын төрийн өмчийн 138, төрийн бус өмчийн 115 сургуульд нийт 294,084 хүүхэд суралцана. Мөн нийслэлд төрийн өмчийн 241, төрийн бус өмчийн 454 цэцэрлэгт 124,372 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших аж. 
Энэ жилийн хичээлийн нээлт нь Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга теле хичээлээ эх орон гэх ойлголтоос эхэлж, түүх уламжлал, хэл соёлын нэгдмэл байдал нь эх орон гэх ойлголтын суурь багануудын нэг гэдгийг онцолсон. 
Ерөнхийлөгч сурагчдад хандан “Бүгдээрээ ямар ч мэргэжилтэй болсон, хэн ч болсон эх орныхоо агуу түүхийг мэддэг байх хэрэгтэй шүү.” хэмээсэн юм.
Улсын Тэргүүний 48-р бүрэн дунд сургуулийн 11е ангийн сурагчийн хичээлийн шинэ жилийн талаарх сэтгэгдлийг хүргэе.
“Намайг Нандин-Эрдэнэ гэдэг. Хичээлийн шинэ жил эхэлж байгаа болохоор дахиад аливаа зүйлийг шинээр сурах юмсан гэх эрмэлзэл дүүрэн байна. Ахлах ангийн сурагч болсноор хариуцлага илүү нэмэгдэж ч байгаа юм шиг. Тиймээс би илүү сайн сураад, их сургуульдаа амжилттай элсэн орно гэж төлөвлөж байна. Би олон улсын харилцааны мэргэжил эзэмшихээр зорьж байгаа юм.” гэв.
Монгол улсын өнцөг булан бүрт суралцаж байгаа хүүхэд, залуучууддаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!