1045
 
 

НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЕСДҮГЭЭР САРД 120 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРНО

Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн шинэ хичээлийн жилийн нээлт боллоо. Аав, ээжийнхээ гараас хөтлөн алхах бяцхан сурагчид, шил цонх нь гялалзах эрдмийн өргөө болсон сургууль, анх удаа бие биенээ гайхан харах нэгдүгээр ангийн бяцхан жаалууд гээд жил жилийн намар ийнхүү эхэлдэг. Дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжтэй байдлын талаар Налайх дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн Хөгжлийн Хэлтсийн дарга С.Ялалтаас тодрууллаа.
“2019-2020 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд төрийн өмчийн найман цэцэрлэг, төрийн бус өмчийн зургаан цэцэрлэг үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажил хангагдсан байна. Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 3546 хүүхэд хамрагдах ёстой байгаагаас 2587 хүүхэд хамрагдахаар бүртгэж авсан. Шинээр элсэж буй хоёр настай 195 хүүхдийг цахимаар бүртгэсэн. Сургуулийн өмнөх боловсролд 100% хамруулахын тулд эрчимтэй ажиллаж байна. айгаа. Энэ онд нэгдүгээр хороонд 120 хүүхдийн цэцэрлэгийг 09-р сарын 20-нд нээлтээ хийнэ. Дараагийн 150 хүүхдийн ортой хүүхдийн цэцэрлэгийг 10-р сарын 01-нд ашиглалтад оруулахаар төлөвлөв. Цаашдаа 2020 онд 240 хүүхдийн цэцэрлэгийг 7-р  хороонд, мөн 3-р хороонд шинэ цэцэрлэг барихаар төлөвлөлөө” гэв.
Мөн энэ хичээлийн жилд ЕБС-ын нэгдүгээр ангид 960 хүүхэд элсэн оржээ. Төрийн өмчийн таван сургууль, төрийн бус өмчийн хоёр сургуулийн нийт 7280 сурагч дүүргийн хэмжээнд суралцаж байна.